Нийслэлийн нутгийн захиргааны төвийг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө Яармаг дахь нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүлгэнэ гэж хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэхүү нүүлгэлтийн зардлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аравдугаар сарын 7-нд баталж нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг, нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Нийслэлийн захиргааг шинэ байранд нүүлгэсэнээр одоогийн байрлаж буй Хангарьд ордонг дуудлага худалдаагаар худалдаална. Дуудлага худалдааны эхний үнэ 44 тэрбум төгрөг байхаар тооцоолоод байгаа аж.
Хотын захиргааг 2019 оны эхээр Яармаг руу нүүлгэхээр болж, Хан-Уул дүүрэгт цогцолбор барих ажлыг эхлүүлсэн. Тус нийслэлийн төр захиргааны шинэ барилга нь А, В, С гэсэн гурван блокоос бүрдсэн нийт 68 мянган м.кв талбайтай бөгөөд 97 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилга юм.