АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Владимир Путин нар харилцаа холбоогоо хадгалахын тулд цаашид ч холбоотой байх боломжтой гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэв.
“Ирээдүйд хэзээ нэгэн цагт АНУ-ын Ерөнхийлөгч Оросын Ерөнхийлөгчтэй ярилцахыг би үгүйсгэхгүй” гэж тэр хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
Түүний хэлснээр, энэ оны зургадугаар сард болсон Байден-Путин нарын дээд хэмжээний уулзалтын дараа талууд дээд түвшний харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд түүнээс хойш АНУ, Орос хоёр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ, Путин, Байден хоёрын хооронд холбоо тогтоох төлөвтэй байгаа ч яг товыг хараахан тогтоогоогүй байгаа талаар мэдэгдээд байсан юм.
Мөн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан нарын утсаар өрнүүлсэн ярилцлагын талаар Песков “Энэ бол дээд түвшинд хүлээгдэж буй холбоо барих бэлтгэл ажил байсан” хэмээн мэдэгдээд байна.
Путин, Байден нарын анхны уулзалт 2021 оны зургадугаар сард Женевт болсон бөгөөд цахим аюулгүй байдал, дипломат мөргөлдөөн зэрэг хэд хэдэн асуудлаар ажлын харилцаа холбоо тогтоохоор тохиролцоод байгаа талаар талууд мэдээлж байсан юм.