Афганистанд засгийн эрхийг гартаа авсан Исламын Талибан хөдөлгөөн Баасан гаригт алдартай сэтгэцийн эмч Надер Алемигийн амийг хөнөөсөн алуурчдыг эрэн сурвалжлах жагсаалтад оруулж байгаагаа мэдэгджээ.
Талибаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Кари Саид Хости твиттер хуудсандаа “Бид эмчийн алуурчдыг олж, шийтгэхээ амлаж байна” хэмээн мэдээлжээ. Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдартай сэтгэцийн эмч бусдын гарт амь насаа алдсан тухай мэдээлсээр байгаа юм.
Мөн Хости доктор Алеми найман хүнтэй, эрэн сурвалжлагдаж байсан хоёр хулгайчын гарт амиа алдсан гэж үзэж байгаагаа зарлажээ. Харин Aamaj News агентлаг доктор Алемигийн хамаатан садан бүхий эх сурвалжаас авсан мэдээлэлд тулгуурлан эмчийг олзонд хоёр сар байсныхаа дараа амиа алдсан хэмээн мэдээлээд байгаа юм.
Алеми 1990-ээд оноос Талибуудад мэргэжлийн тусламж үзүүлсэн анхны Афганистаны сэтгэцийн эмч болжээ. Афганистаны сэтгэцийн эмч Алеми 2014 онд ВВС-д өгсөн ярилцлагадаа “Би тэдэнтэй нэг хэлээр (пашто) ярилцсан нь шийдвэрлэх хүчин зүйл болсон байх. Тийм ч учраас тэд надад нээлттэй хандаж, сэтгэл зүйн эрх чөлөөгөө мэдэрдэг байсан. Би талибуудад бусад өвчтөнүүдийн нэгэн адил ханддаг. Тэд бол манай нийгмийн иргэдээ аз жаргалгүй болгодог олон шалтгааны золиос болсон хүмүүс гэдгийг би ойлгож байсан” хэмээн ярьж байжээ.