Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.А, Д.Б нарт арга хэмжээ авхуулахаар тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хүсэлт ирүүлжээ.
Шүүхээс тус хэргийг хянаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “…Флаш моб” нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоосон нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамжийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж зөрчилд холбогдогч Д.А, Д.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн…” мөн хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан…” зөрчилд тус тус арга хэмжээ авахыг хүсэлтдээ дурджээ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх