Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр, үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд хязаалан насны хүлгийн уралдаанаар эхэлсэн.
Хязаалангийн уралдаанд 304 хурдан хүлэг бүртгүүлсэн ч Шадар сайд У.Хүрэлсүхийн “Баяр наадмын уралдаанд эрлийз морь уралдуулахгүй” гэсэн шийдвэрийн дагуу 151 хязаалан үүлдэрийн шалгалтаар хасагдсан юм. Хязаалангийн уралдаанд өмнө нь улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагдаж байсан Говь-Алтайн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хар, Өвөрхангайн Хайрхандулаан сумын уугуул, Тод манлай уяач Б.Отгоннасангийн хүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул А.Баярмагнайн сартай хонгор зэрэг олон хүлэг уралдсан. Хязаалан насны уралдаанд түрүүлсэн хүлгүүдийг дахин танилцуулъя.
- Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор шүдлэн насандаа улсын баяр наадмын түрүүг авсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор.
- Өнгөрсөн онд говийн бүсийн уралдаанд түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн зээрд.
- Өнгөрсөн онд улсын баяр наадамд айрагдсан Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор.
- Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, уяач Ц.Батхуягийн бор.
- Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаатарын хээр.
- Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн.
- Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн хонгор.
- Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Т.Нямцэрэнгийн хар.
- 9. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баярсайханы бор.
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, уяач Д.Даваадоржийн сартай хүрэн.