Монголын Урчуудын эвлэлийн хороо ээлжит их хурлаа өнгөрсөн долоо хоногт хийж, шинээр Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон. Гэвч тус хорооны Ерөнхийлөгчөөр томилогдсон П.Ганбатыг хууль бусаар сонгогдсон гэж үзсэн уран бүтээлчид, зураачид эсэргүүцлээ илэрхийлж, шүүхэд өгөхөөр болжээ.
Урчуудын эвлэлийн хороо нь мэргэжлийн урлагийн байгууллага бөгөөд дүрмэндээ “МУЭ-ийн гишүүн нь мэргэжлийн уран бүтээлч байна” гэж тодорхой заасан байдаг аж.
Гэтэл Ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Ганбат нь 1994-1997 онд СУИС-ийн уран зургийн ангид суралцаж байсан гэх авч төгссөн дипломгүй, эзэмшсэн мэргэжилгүй гэнэ. Мөн Герман улсад урлаг судлаачаар суралцсан гэдэг нь худлаа болохыг зураачид шүүмжилж байгаа аж.
Уран бүтээлч, зураачид түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бөгөөд П.Ганбат нь барилгын компанийн эзэн гэнэ. Тэрбээр 2020 онд Урчуудын эвлэлийн Б байрны корпуст өөрийн хөрөнгөөр галлерей байгуулж, түүнийгээ одоог хүртэл хувийн өмчлөлдөө байлгадаг байна. Иймд мэргэжлийн уран бүтээлч биш барилгын компанийн эзэн Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч болсон нь хотын төвд байршилтай газар болон барилгад шунаж буй үйлдэл гэж уран бүтээлчид, зураачид үзэж энэхүү хууль бус томилгоог эсэргүүцэж, нотлох баримтуудыг цуглуулж шүүхэд өгөхөөр болжээ.