Хилийн боомтын үндэсний зөвлөл, УИХ, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Гашуунсухайт хилийн боомтоор өмнө нь өдөрт 900-1100 нүүрс тээврийн автомашин хил нэвтэрдэг байсан бол одоо өдөрт 500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурсан нүүрсний экспортыг цаашид нэмэгдүүлэх өдөрт 600-700 тээврийн хэрэгсэл хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа танилцууллаа.
Хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд хүн хоорондын харилцаа үүсэхгүй чингэлэг тээврийн терминал онцгой үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Монголын болон Хятадын жолооч машинаасаа буулгүйгээр чингэлэг солилцож автомат ариутгал, шалган нэвтрүүлэхээр зорчиж байна. Мөн битүүмжилсэн багийн системээр жолооч нар тээвэрлэлт хийж, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна. Одоогоор тус боомтод 150 битүүмжилсэн баг 3117 жолооч нүүрс тээвэрлэж байна. Битүүмжлэгдсэн тээврийн багуудын хуваарийг 7 хоногоор гаргаж боомтын зөвлөл, орон нутгийн онцгой комисс, тээвэрлэлт хийж буй ААН, жолооч нарт харагдах байдлаар ил тод зохион байгуулдаг гэдгийг бүрэн эрхт боомтын захиргааны дарга Ш.Лачинжав онцоллоо. Битүүмжлэгдсэн тээврийн багийн хуваарь хийхдээ багуудын хилээр нэвтэрсэн огноо, гаалийн байгууллагын ачаа тээврийн бүртгэлд хамрагдсан дарааллыг үндэслэн хилийн мэргэжлийн байгууллага, Гашуунсухайт дахь Гаалийн газар, МХЕГ, АТҮТ, ГИХГ зэрэг байгууллагын төлөөлөл тээвэрлэгчдийн хяналтын дор хуваарь хийдэг байна.
Гашуунсухайт боомтод ХӨСҮТ-ийн явуулын лаборатори ажиллаж жолооч нараас тогтмол шинжилгээ авч байна.10-р сарын 03-ны өдрөөс хойш ХӨСҮТ-ийн явуулын лабораторид нийт 13,332 хүнд шинжилгээнд хамрагдсанаас 159 хүн буюу 1,2% эерэг тохиолдол гарсан.
Одоогоор суурьшлын бүсийн нийт хүн амын 63,7% битүүмжилсэн багийн жолооч нарын 54,3% нь дархлаажуулалтын гуравдугаар тундаа хамрагджээ. Цаашид жолооч нар дархлаажуулалтын нэмэлт тундаа бүрэн хамрагдсанаар тээвэрлэлтийн тоо нэмэгдэх боломжтой юм.