Гандантэгчэнлин хийдийн талаар Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба номун хаан, зурхайч, гэвш З.Санждорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хамгийн ариун дагшин, хууль ёсны, шашны байгууллага хэмээн ард олон сүсэглэж итгэдэг. Бид ч мөн тэгж итгэдэг байлаа. Гэтэл олон жил судалсан явцад ихээхэн ноцтой мэдээлэл гарч ирсэн тул мэдээлж байна.
Гандантэгчэнлин хийдийн албан ёсны гэрчилгээ нь хүчин төгөлдөр бус тухай баримт гарч ирсэн нь тун харамсалтай байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 60 тоот тушаалаар төрийн бус 47, үйлдвэрчний эвлэлийн гурав, хэвлэл мэдээллийн долоо, шашны хоёр байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байгаа юм. Тушаалын нэгдүгээр хавсралтад дээрх байгууллагуудын нэрсийг жагсаасан байх бөгөөд 19-т нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хөгжүүлэх сан НҮТББ гэж байгаа. Санаачлагч нь Д.Чойжамц, н.Эрдэнэхүү.
Гэтэл энэ дотор Гандантэгчэнлин хийд, Монгол бурхан шашинтны төв гэж байхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний төв архиваас шүүлгэхэд ч гарч ирдэггүй. Тэгэхээр Гандантэгчэнлин хийдийн гэрчилгээ хүчин төгөлдөр байж чадах уу.
Мөн дээрх тушаал гарсан өдөр 01 дугаартай гэрчилгээг олгосон байгаа юм. Ингэхдээ Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгов гэж байгаа юм. Гэтэл нөгөөх нь төрийн бус байгууллага гэж байгаа.
Бас энэ өдрөө Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг хөгжүүлэх сан ТББ-ыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгов гэж байгаа. Тэгэхээр төрийн бус байгууллага нь хуулийн дагуу байгаа. Гэтэл гурван жилийн дараа буюу 2008 онд Чойжамц гуай энэхүү ТББ-аа татан буулгах өргөдлөө өгч, бүртгэлээс хасуулсан. Үүний дараа гэрчилгээг авахдаа 1944 оны тавдугаар сарын 8-нд, мөн шинэчилсэн гэрчилгээ авахдаа 1654 оны зургаадугаар сарын 29-нд гэсэн байгаа юм. Бүртгэхдээ Дэмбэрэл овогтой Чойжамцыг гүйцэтгэх захирлаар сонгон томилсныг бүртгэж, дахин гэрчилгээ олгов гэсэн байгаа” гэлээ.