УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирц, ёс зүйн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллийг танилцуулъя. Дээрх хугацаанд УИХ-ын чуулган 10 удаа хуралдсанаас 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорсон бөгөөд 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй. Үүнд,
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав,
- С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр,
- Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа нар нэг удаа тасалсан.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын 45 дугаар захирамжаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Нам бүлгийн болоод бүх хэсгийн төлөөллийг оролцуулж хуулийн төслөө өргөн бариад байна.
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд хүний картанд хүрдэг, кнопыг очиж дардаг асуудлаар шаардлага тавьж ирсэн. Төр, ард түмнийг төлөөлж буй УИХ-ын гишүүд ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Тиймээс цаашид ч үүнийг шаардсаар байх болно.
Өмнөх чуулганы хуралдаан дунджаар 54 минут хоцорч эхэлж байсан дүн мэдээ гарсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын хувьд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулснаар энэ хоцролтын хэмжээ дундаж дүнгээрээ долоон минут болсон. Одоо үүнийг яг цагт нь эхлүүлэх асуудал бий” гэлээ.