Импортын бараа бүтээгдэхүүнээс гадна дотоодод гурилын үнэ нэмэгдээгүй атал гурилан бүтээгдэхүүний үнэ өсч байгаа шалтгааныг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш тайлбарлахдаа,
“Гурилын үнэ тогтвортой байна. Харин гурилан бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь орц найрлагатай холбоотой болов уу. Хил хаагдсанаар ургамлын тос, элсэн чихэр, чанамал зэрэг импортоос хамааралтай үнийн өсөлт, хомсдол үүссэн. Бид бүхний анзаарснаар хамгийн тулгамдаж буй асуудал нь сав баглаа боодол. Тухайлбал, “Талх чихэр” компанийн үндсэн нэрийн бүтээгдэхүүн “Атар” талхны сав баглаа боодлын гажилт үүссэн тул нөөцөөс хамаарч нийлүүлэлт хийх зохицуулалт хийсэн. Бүр сүүлдээ савлагаагаа хүртэл сольсон. Мөн сав баглаа боодлыг 100 хувь татан авахад урд хөршид хөл хорионы улмаас үйлдвэрүүд доголдсон болов уу гэж харж байна. Тээврийн асуудал ч давхар яригдаж байна.
Олон улсын байгууллагын зөвлөмжүүдийг харахад Хятад ирэх оны гурав, дөрөв, тавдугаар сард хөл хорионы улмаас үйлдвэрлэлийн хувьд гажиг үүсч болзошгүй гэж болгоомжилж байна. Иймд хүнсний бараа бүтээгдэхүүний гол орц, сав баглаа боодол зэргээ нөөцлөхөөс гадна бусад орны татан авалтад анхаарахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.
Хэдийгээр Эрээний тал арваннэгдүгээр сарын 24-нөөс хилээ нээх мэдээлэл байгаа ч бид ачааллыг нэгэн зэрэг хуваарилах зорилгоор бусад боомтоор татан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоогийн байдлаар хамгийн найдвартай нь төмөр замын тээвэр байгаа ч ачаалалтай байна. Нэн түрүүнд нүүрсний барьцалдуулагч, шатахуун, эмнэлгийн ачааг татан авсны дараа нь хүнсний бүтээгдэхүүний импорт эрэмбэлэгдэж байгаа юм.
Бидний зүгээс гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг татан авахад голлон анхаарч байна. Гэхдээ хил нээгдлээ гэхэд тодорхой хэмжээний ачаалал үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлж Ханги-Мандал, Гашуунсухайт, Бичигтийн боомтоор хүнсний бараа бүтээгдэхүүнийг хяналттай, явуулын лаборатори байгуулах боломжийг бүрдүүлэх шийдвэрийг салбарын яамнаас гаргасан.
Өнөөдрийн байдлаар Бичигтийн боомт нээгдсэн бол мөн Ханги-Мандал боомт ажиллаж эхэлнэ. Гашуунсухайт боомт тогтмол ажиллаж байгаа. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн хувьд Эрээнд ачаа нь бөөгнөрсөн тул татан авахад тодорхой хэмжээний зардал гарах, Хятадын талын хяналтаас лавлагаа авснаар хөдөлгөөнд орохын тулд цаг хугацаа зарцуулж байна” гэлээ.