Манай улс Беларусь улсаас мах, сүүний чиглэлийн 9,000 үхрийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр оруулж ирэхээр болсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
“5,000 орчим сүүний чиглэлийн болон 4,000 толгой махны чиглэлийн үхрийг оруулж ирсний дараа иргэд, аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тэдгээр үхрийг өсгөж, цөм сүрэг бий болгож тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангана. Гэрээний дагуу эхний ээлжийн үхрүүд энэ онд багтан орж ирнэ.
Манай улсад мах, сүүний чиглэлийн цэвэр үхэр маш цөөхөн бөгөөд сүүний үйлдвэр, сургуулийн хүүхдүүдийн сүүний хэрэглээг уламжлалт мал аж ахуй буюу фермийн бус аргаар бэлтгэхэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн нийт 9,000 орчим цэвэр үхэр бий. Үүний ихэнх нь сүүний чиглэлийнх бол 2,000 орчим нь махны чиглэлийнх байна. Энэ нь өөрөө дотоодын хэрэглээг хангаж дийлэхгүй, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулахад хангалттай тоо биш.
Энэ чиглэлээр бизнес эрхлэх хүсэлт аж ахуйн нэгжүүд олон байдаг ч цэврээр нь өсгөх сонирхолтой байдаг байна.