Коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын улмаас 2021-2022 оны хичээлийн жилд 2-3 настнуудыг цэцэрлэгт хэзээ хамруулж эхлэх одоог хүртэл тодорхойгүй байна.
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр БШУЯ-наас тэднийг хэзээ цэцэрлэгт хамруулах тухай тусгай төлөвлөгөөг аравдугаар сард танилцуулна хэмээж байсан бөгөөд арваннэгдүгээр сараас 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжтойг сайд нь хэлсэн. Гэвч Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний улирал эхлэхтэй зэрэгцэн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахыг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн билээ.
Ингэснээр энэ он дуустал 2-3 настнууд цэцэрлэгтээ явж чадахгүй байж болзошгүй нөхцөл үүсээд байгаа юм.
Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдад 2021 оны аравдугаар сарын 20-нд зөвлөмж хүргүүлж байжээ.
Уг зөвлөмжид Монгол Улсын КОВИД-19 цар тахлын үед нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн боловсролыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай олгох үүргээ биелүүлж, хүүхдийн эрүүл мэнд, хөгжих болон сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах шаардлага тулгарч байгааг сануулжээ.
Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны наймдугаар 19-ний өдрийн КОВИД-19 цар тахлын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам нь 3,500 орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй болгож, улмаар тэднийг насаар ялгаварлагдах, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Иймд 2-3 настай хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, тэдний эрхийг цаашид зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх сайдын гаргасан хамтарсан түр журмыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэхийг зөвлөсөн байна.
Мөн Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирүүлэхийг шаардсан байна. Уг хугацаа энэ долоо хоногт дуусах юм. Одоогоор ямар нэг хариу ирээгүйг байгааг ХЭҮК-оос мэдээлэв.