Брюссель хотноо өчигдөр Европын холбооны орнуудын Гадаад харилцааны байгууллагуудын тэргүүн нарын уулзалт эхэлсэн бөгөөд гол сэдвүүдийн нэг нь Европын холбооны зүүн хил дэх цагаачлалын хямрал багтжээ. Уулзалтын үеэр Европын холбоо Беларусийн эсрэг тав дахь хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд санал нэгдсэн байна.
Уулзалтын дараа Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау “Брюссельд болсон Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нар Беларусийн эсрэг авах хориг арга хэмжээний талаар тохиролцсон. Зургаа дахь хоригийг ч хэлэлцэхийг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгдэв.
Брюссельд тохиролцсон хориг хэрэгжиж эхэлбэл Беларусийн маш олон иргэн, компани аж ахуйн нэгж байгууллагууд Европын холбооны хоригт хамрагдах болно гэж Боррелл хэлжээ. Түүнчлэн Цагаан ордон Минскийн эсрэг шинэ хориг арга хэмжээний талаар Европын холбоотой хамтран ажиллахаа мэдэгджээ.
Өмнө нь Польшийн Гадаад хэргийн сайд Беларусийн эсрэг авсан хориг арга хэмжээний дэглэмд өөрчлөлт оруулснаар Европын холбоо Беларусийн хил дээр үүссэн цагаачлалын хямралын хариуд хязгаарлалт хийх боломжтой болно хэмээн мэдэгдэж байв.
Польш Беларусийн хил дээр Ойрхи Дорнодын орнуудаас ирсэн олон зуун цагаач иргэд бөөгнөрч, Польшийн нутгаар дамжин Европын орнууд руу гарахаар байрлаад удаж байна. Энэ нь Польшид хилийн хямрал үүсгээд байгаа бол Беларусийг цагаачдын гүүр болж өгч байна гэж Европын холбоо буруутгасаар байгаа юм.