БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны тухай мэдээ сүүлийн нэг сарын турш анх удаа төрийн хэвлэлд гарч, мэдээнд түүнийг томоохон бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж буй Самжиен хотод зочилсон талаар тус улсын Төв мэдээний агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгосын эрх баригчид 2019 онд Сэмжиены статусыг мужаас хот болгон дээшлүүлсэн бөгөөд Ким Чен Ун тус хотын бүтээн байгуулалт, нийтийн аж ахуй, хөдөө аж ахуйн байдалтай сайтар танилцаж тус хотыг бүс нутгийн хамгийн баян хот болгохыг уриаласан байна.
Пэктусан уулын бэлд орших Самжиен хот нь Ким Чен Уны талийгаач эцэг, тус улсын удирдагч асан Ким Чен Ирийн төрсөн газар юм. Тус хотод шинэ бүтээн байгуулалт өрнүүлэх төлөвлөгөө гарч, 2020 онд буюу эрх баригч нам байгуулагдсаны 75 жилийн ойгоор бүтээн байгуулалтыг дуусгахаар төлөвлөж байсан ч БНАСАУ-ын эсрэг авагдсан хатуу хориг арга хэмжээ болон COVID-19-ийн улмаас удаан хугацаагаар хаагдсан хил гаалийн нөхцөл байдал нь энэ амлалтыг хугацаандаа биелүүлэх боломжгүй болгожээ.
Ким Чен Ун Самжиен хотод хийсэн айлчлал нь түүний сүүлийн нэг сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн анхны тохиолдолд тооцогдож байна. Үүнээс өмнө аравдугаар сарын 11-нд БНАСАУ-ын удирдагчийн үйл ажиллагааны талаар төрийн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Ким Чен Ун олон нийтийн өмнө удаан хугацаагаар гарч ирэхгүй байх үед гадаадын хэвлэлүүдэд түүний эрүүл мэндийн байдлын тухай олон таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж ирсэн билээ.
2014 онд БНАСАУ-ын удирдагч зургаан долоо хоног орчим олны өмнө гарч ирээгүй бөгөөд хожим нь Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг Ким Чен Уныг шагайн дээрх уйланхайг арилгах мэс засал хийлгэсэн гэж мэдээлж байсан юм.
Мөн БНАСАУ-ын удирдагчийн талаар өнгөрсөн хавар зүрхний хагалгаанд орсны дараа хүндээр өвчилсөн гэсэн цуурхал тарж байсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ким Чен Ун нас барсан байж магадгүй, COVID-19 тахлын эсрэг урьдчилан сэргийлэх үүднээс гэр бүлийнхэнтэйгээ тусгаарлаж байгаа гэх мэтээр таамаглаж байв.
Өнгөрсөн зун Ким Чен Ун хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч ирэхдээ жин хасагдсан байсныг эрүүл мэндийн асуудалтай холбоон тайлбарлаж байсан бол зарим нь түүнийг Хойд Солонгосын удирдагчийн дүрд тоглож байна өөр хувь хүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд амжсан юм.
Эх сурвалж: INTERFAX