Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хотын захын хорооллуудад байрлаж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын үр дүнгийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.
Тэрээр “НМХГ-аас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй 120 орчим эмийн санд хяналт хийлээ.
Импортоор орж ирдэг 25-30 төрлийн эм ховордсон байна. Түүнчлэн дотоодын хоёр үйлдвэрийн эм бэлдмэл хомстжээ.
Үнийн хувьд, эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцдог юм байна. Гэтэл вирусийн эсрэг эмийг тогтоосон үнийн дээд хязгаараас 300-2500 төгрөгөөр хэтрүүлэн нэмж худалдаалж байсан зөрчил илэрсэн.
Бид нийт 87 зөрчил илрүүлж газар дээр нь 42-ийг нь арилгуулж, 22 аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Гурван эрх бүхий алба хаагчид арга хэмжээ авсан. Мөн гарал үүсэл тодорхойгүй эм худалдаалж байсан нэг аж ахуйн нэгжид болон тусгай зөвшөөрөлгүй иргэнд эм худалдаалсан эмийн санд торгууль ногдуулсан. Мөн “Ариун монгол” компанийн 0.5гр болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол Улсын эмийн жагсаалтаас хасах санал хүргүүлсэн.
Тодруулбал, аж ахуйн нэгжүүд 0,5 болон 1 кг-аар савласан танг худалдаж аваад жижиглэнгээр зарахдаа хаяг шошгын зөрчилтэй буюу гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн борлуулж байна. Тиймээс эмийн жагсаалтаас хасах санал гаргасан. Дээрх тангууд нь 1 гр, 3 гр, 500 гр, 1кг гэсэн савлагаатай байдаг” гэлээ.