Дэлхийн нийт газар нутгийн 31 хувийг ой мод эзэлдэг бөгөөд ой мод нь дэлхийн бүх амьтан, ургамалын 80 хувийн амьдрах орчин нь болж өгдөг гэсэн тооцоо бий. Жил ирэх бүр эрчтэй өсөн нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий ертөнцийн анхаарлын төвд орж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахыг улс орнууд дор бүрнээ хичээн ажиллаж байгаа юм.
Есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо улс орондоо “Тэрбум мод” тарих ажлыг санаачлан эхлүүлэхээ мэдэгдэж, дотоодод үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн бол ойрын өдрүүдэд Ерөнхийлөгчийн ивээл дор Ойн үндэсний чуулган хуралдаж байна.
Юуны өмнө дэлхийн хотууд яагаад мод тарьдаг вэ, хотод тарьсан мод ямар ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг нотлох 10 чухал шалтгааныг нэрлэе.
Нэг: Усны эргэлтийг зохицуулдаг,
Хоёр: Шинэ ажлын байр бий болгодог,
Гурав: Олон амьд биетийн гэр болж өгдөг,
Дөрөв: Хөрсний чанарыг сайжруулдаг,
Тав: Хөрсний эвдрэлээс сэргийлдэг,
Зургаа: Хүнсний эх үүсвэр болж өгдөг,
Долоо: Их хотын дуу чимээг дарж өгдөг,
Найм: Мод сүүдэр үүсгэдэг,
Ес: Уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулдаг,
Арав: Мод агаарыг хүчилтөрөгчөөр хангадаг.
Модны тухай сонирхолтой баримтууд:
- Хотод зулзаган мод тарих нь эрсдэлтэй байдаг аж. Их хотын иргэд болон машин техник, хэрэглээний эд зүйлээс ялгардаг дуу чимээ, үнэр, бохирдол гэх мэт зүйлүүд 1 метр хүрэхтэй үгүйтэй зулзаган модыг стресст оруулж, ургалтанд нь нөлөөлж, үхэлд хүргэх нь элбэг байдаг аж.
- Тиймээс хот тохижилтод зориулж, дэлхийн хотууд ойн сан бүхий газраас тарьц авч хотоо цэцэрлэгжүүлэх нь түгээмэл байдаг аж.
- Манайд ч энэ жишиг бий. Ойн санг цэвэрлэж, түлш болон барилгын материал, палк, банз бэлтгэх гэж байгаа ААН-ийн зөвшөөрөл бүхий талбайгаас ойн цэцэрлэгжүүлэлтийн компаниуд эрсдэлд орох гэж байгаа модыг авч, хотын цэцэрлэгжилтэд зориулан шилжүүлэн суулгадаг байна.
- Ойн сангийн цэвэрлэгээ, палк, банз бэлтгэх ажиллагаанд өртөн сүйрэх дөхсөн модыг ингэж аврах нь бойнд оруулахаар бөөнөөр нь тууж байгаа тууварчдыг орон нутгийн зарим иргэд угтан, бойны малнаас шилэн сонгоод авдаг шиг үзэгдэлтэй зүйрлэж болох юм.
- Ойн сав газраас нэг шаланз машин 13 метрийн урттай дүүрэн палк ачаад гарч байхад ижил хэмжээтэй шалаанз дээр 50-хан ширхэг амьд мод ачигдаж, хот суурин газарт хүргэгддэг байна.
Бэлтгэсэн: О.ТУЯА