Наадмын өдрүүдэд ихэвчлэн иргэд наршилт, наршилтаас үүдсэн даралт ихсэлт, бага насны хүүхдүүд хоолны хордлогод орсон шалтгаанаар түргэн тусламжийн эмч нарт хандаж байна. Наадамчид Төв цэнгэлдэхэд байрлаж байгаа түргэн тусламжийн үйлчилгээний цэгт хандаж байгаа бол иргэд өрхийн эмнэлэг болон бусад эмнэлгүүдэд хандаж байгаа аж.
Баяр, амралтын энэ өдрүүдэд өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа. Иргэд энэ сарын 16-ыг хүртэл өрхийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой. Мөн нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт хариуцлагатай жижүүр ажиллаж байна.
Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбай, Хүй долоон худагт Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.