УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.12/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн “Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл–ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороонд шилжүүллээ.
Дүрмийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “76 гишүүн хэрхэн яаж ёс зүйтэй байх вэ гэдэг хуулиа чангатгах ёстой. Ганц хоёрхон ёс зүйгүй гишүүд бусад гишүүдээ хөлдөө чирч бүгд болж бүтэхгүй байгаа юм шиг харлуулдаг. Ингэж дүрэм журмаа чамбайруулна гэдэг хариуцлагатай байх алтан боломж” гэлээ.