Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.
“14 хоногийн өмнө эмнэлэгт нийтдээ 17,392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10,727-д хүрч хоёр долоо хоногийн хугацаанд 38.3 хувиар буурсан байна. Энэ нь шинээр илрэх тохиолдлын тоо багассантай холбоотой.
Үүнийг дагаад,
- маш хүнд хүн 37 хувиар,
- хүнд хүн 40 хувиар,
- хүндэвтэр хүн 30 хувиар,
- хөнгөн хүн 45 хувиар тус тус буурчээ.
Халдварын оргил үед коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22,400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар буурсан нь сайн үзүүлэлт болж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтын түвшин буурч байгаа үзүүлэлттэй байна.
Мөн нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 27-ноос ор зохицуулалтын баг ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш халдварын улмаас гэртээ нас барсан тохиолдол гараагүй.
Түүнчлэн өдөрт 700 орчим хүн эмнэлэгт шаардлагатай гэсэн ангилалд байсан бол сүүлийн долоо хоногт 120-130 болж буурсан. Энэ бол вакцинжуулалтын үр нөлөө гэж харж байна.
Түүнээс гадна, коронавируст халдварын нас баралт ч цаашид буурах хандлага ажиглагдаж байна. Нас баралтын тухайд өнөөдөр шинээр илэрч буй тохиолдлын тооноос шууд хамааралгүй бөгөөд 2-4 долоо хоногийн хоцрогдолтой явдаг.
Коронавирусийн оргил үед бүх томоохон эмнэлгүүд өвчтөн авч хэвтүүлж байсан. Харин одоо тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн коронавирусийн тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлтийг хийсэн” хэмээн мэдээлэв.