NoDoubleStandart хөдөлгөөний зүгээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн нээлттэй сонсголыг хийхээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа. энэ хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гарын үсэг зурсан бөгөөд энэ үеэрээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газар руу илгээж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нээлттэй сонсгол хийхийг дэмжиж гарын үсгээ зурлаа. Сар гаруйн өмнө “Даргын эсрэг жагсахын тулд даргаас зөвшөөрөл авдаг тогтолцоо” уг хуулийн хэрэгжилтэнд тулгарч буйг дурдаж өөрчлөхөө мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу боловсруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлдөө өнөөдөр ЗГ-аас санал авахаар хүргүүлнэ. Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг АН хамгаалах болно” гэжээ.