ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ХБНГУ-ын Канцлерийн үүрэг гүйцэтгэгч Ангела Меркельтэй утсаар ярьсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Тэд Беларусь болон Европын холбооны орнуудын хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.
Хэвлэлийн албаны мэдэгдснээр, В.Путин “Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын холбооны орнууд болон Беларусийн хоорондын харилцаа холбоог сэргээхийг дэмжсэн” гэжээ.
Өмнөх өдөр нь В.Путин, А.Меркель нар мөн утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Беларусийн гадаад хилийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
Энэ талаар Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт “Меркель Оросын удирдагчтай ярилцахдаа Беларусийн хил дээрх дүрвэгсдийн нөхцөл байдалтай холбогдуулан Минскт нөлөөлөхийг Путинаас хүссэн” хэмээжээ.
Германы Засгийн газрын үзэж байгаагаар Оросын Засгийн газар Беларусийн дэглэм, Беларусийн Засгийн газарт тодорхой нөлөө үзүүлж байна. Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн хэлэлцээ нь Минскт байгаа хүмүүсийн яриаг сонсож байгаа хүмүүстэй хийсэн хэлэлцээр” гэж Зайберт хэлсэн үгэндээ дурдсан байна.
11-р сарын 8-нд Ойрхи Дорнодын орнуудаас нүүсэн хэдэн мянган цагаач Европын холбоо руу нэвтрэхээр Беларусь улсаас Польшийн хил рүү ойртож ирсэн юм. Ингэснээр Беларусь-Польшийн хил дээрх байдал улам төвөгтэй болов. Польшийн эрх баригчид энэ үйл явцыг хил дээр хямрал эхэлснээс хойшх өрнөсөн хамгийн хэцүү үе гэж тайлбарласан юм.
Сүүлийн саруудад Польш, Литва, Латви улсууд Беларусаар дамжин ЕХ-нд нэвтрэхийг оролдсон хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж байгааг бөгөөд Европын холбоо Беларусь улсыг эмх замбараагүй байдал үүсгэж байгаа хэрэгт буруутгаж байна.
Учир нь Беларусь Европын холбоо руу нэвтрэхийг оролдсон Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас ирсэн хууль бус цагаачдыг буцаахаас татгалзаж байгаа бөгөөд Балтийн орнууд Беларусийн эрх баригчдыг цагаачдын урсгалыг зохион байгуулсан гэж буруутгаж, үүнийг эрлийз түрэмгийлэл хэмээн нэрлээд байгаа юм.
Эх сурвалж: INTERFAX