Польшийн Засгийн газрын төлөөлөгч Пиотр Мюллер “Virtual Polska” мэдээллийн порталд өгсөн ярилцлагадаа “Польш-Беларусийн хил дээрх нөхцөл байдлын хамгийн ноцтой хүндрэлийг агуулсан стратеги Варшавт боловсруулж байна” хэмээн хэлжээ.
Түүний хэлснээр, хамгийн хатуу арга хэмжээнүүдийн дунд хилийг бүрэн хаах, худалдааг зогсоох, Беларусьтай аливаа солилцоо хийх боломжийг хязгаарлах гэх мэт асуудлууд багтаж байгаа бөгөөд Пиотр Мюллер “Бид Беларусийн эрх баригчдад хандаж ноцтой үйлдлээ зогсоохгүй бол ийм аюул заналхийлж байгаа” гэдэг сануулгыг өгсөн. Одоогоор хариу ирээгүй байна гэдгийг дурджээ.
Беларусийн цагаачдын урсгалыг дагаад зэвсэг худалдаалах гэх мэт асуудал яригдаж байгаа нь аюул дагуулж, Польш-Беларусийн хил дээрх эгзэгтэй нөхцөл байдал үүсч байна гэж Польшийн эрх баригчид үзэж байна.
Польшийн зүүн хилийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Беларусьтай хиллэдэг Кужницы шалган нэвтрүүлэх боомтоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 9-ний өглөөнөөс хойш зогсоожээ.
Арваннэгдүгээр сарын 8-ны даваа гаригт Ойрхи Дорнодын орнуудаас Европын холбоо руу нүүх хүсэлтэй хэдэн мянган цагаач Беларусийн талаас Польшийн хил рүү ойртсоноор хоёр улсын хилийн байдал улам ээдрээтэй болсон юм. Польшийн эрх баригчид үүнийг хил дээрх хямрал эхэлснээс хойшхи хамгийн хэцүү үе байсан хэмээн мэдэгджээ.
Сүүлийн саруудад Польш, Литва, Латви улсууд Беларусаар дамжин Европын холбоонд нэвтрэхийг оролдож байгаа нь хууль бус цагаачдын урсгалыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. Европын холбоо Беларусь улсыг Европын холбооны хилийн ойролцоо эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж буруутгаж байгаа бол Балтийн орнууд болон Европын Комисс Беларусийн эрх баригчдыг цагаачдын урсгалыг зохион байгуулсан гэж буруутгаж, үүнийг “эрлийз түрэмгийлэл” гэсэн нэр томьёо өгөөд байна.