Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.
Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од угтан авч, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, цар тахлын үед хэрэгжүүлэн ажиллаж буй үйл ажиллагааны явц, нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.
Танилцуулгын дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотод 6500, улсын хэмжээнд 24 мянган ор дэлгэн ажиллуулсан. Харин сүүлийн нэг сард халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд шинээр дэлгэсэн тусгаарлах байруудыг татан буулгаж эхлээд байна. Мөн улсын хэмжээний гол эмнэлгүүдийн үндсэн ажил болох иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг шат дараатай эхлүүлэх ажлыг хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй. Энэ хүнд хэцүү цагт Цэргийн төв эмнэлгийн хамт олон ачааны хүндийг үүрч олон мянган иргэнийг халдварт өвчний аюулаас аварч байна. Та бүхэндээ Эрүүл мэндийн сайдын зүгээс талархал илэрхийлье гэв.
Тус эмнэлэг нь улсын хэмжээнд галт зэвсэг, хутга мэсний гэмтэл, хордлогын яаралтай тусламжийг үзүүлдгээрээ бусад улсын чанартай томоохон эмнэлгүүдээс ялгардаг онцлогтой. Эрүүл мэндийн салбарын хувьд 2021 оны 3 дугаар сараас эхэлж гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн. Энэ нь манай салбарт хийгдэх зайлшгүй реформ юм. Ингэснээр салбарын хөгжил нэг шатаар ахина гэж дүгнэж байна. Тус эмнэлэг ч энэ реформд шилжиж байгаатай уялдан эмчилгээ үйлчилгээгээ чанаржуулж, улам төгөлдөржүүлээрэй” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд захилаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан яаралтай хэрэгцээтэй байгаа хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өгөхөө мэдэгдлээ. “COVID-19” өвчнөөр өвчилсөн иргэдэд нэмэлт хүчилтөрөгчийн хэрэгцээ чухал шаардлагатай байдаг. Иймд бодлогоор ЭМЯ улсын томоохон эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж байгаа. Уг ажлын хүрээнд хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий тус үйлдвэрийг Цэргийн төв эмнэлэгт өгөх юм.