“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнөөдөр “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан. Тус аяныг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв санаачлан, Соёлын яам, НЗДТГ, МҮХААҮТ хамтран зохион байгуулж буй. Маргааш нийслэлийн соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн шилдэг, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Өнөөдрийн зөвлөгөөнд оролцсон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, албаны хүмүүс зөвлөгөөнийг дүгнэж, дараах байр суурийг илэрхийллээ.
Т.Уламбаяр: Анхдугаар зөвлөгөөн нь ойлголтын зөрүүг арилгаж байна
Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр: -Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан нь тэдний ойлголтын зөрүүг арилгаж байна. Соёлын өв тээгч ямар ач холбогдолтой, яаж дэлхийн зах зээлд соёлын өв, бүтээгдэхүүнээ гаргах бололцооны талаар салбар салбарын төлөөллүүд ярилаа. Үүнд бодлогын олон асуудал яригдсан. Тухайлбал, соёлын өв тээгч цаашдаа оюуны өмчөө хамгаалуулах, хуулийн хүрээг өргөжүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд хэлэлцэж байна. Маргааш энэ ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гарна. Нийслэлийн хэмжээнд хөгжлийн нэгдсэн төвтэй болсон. Мөн дүүргүүдийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвүүд ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд 805 аж ахуйн нэгж, иргэн бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тэр тусмаа соёлын өв бүтээж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ажиллах хүч. Тиймээс ажлын байр хадгалах, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг ажлын байртай уялдуулах чиглэлээр төлөвлөөд, нийслэлийн хэмжээнд ярилцан ажиллаж байна.
Г.Батхуяг: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, соёлын өв тээгчид юм
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба эдийн засгийн үр өгөөж” хэлэлцүүлгийн модератор Г.Батхуяг: -Өнөөдрийн зөвлөгөөнөөр соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үүрэг, оролцооны талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллалаа. Цаашдаа соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, төр, захиргааны байгууллагууд, холбогдох Соёлын яам, НЗДТГ, мэргэжлийн холбоод хэрхэн хамтран ажиллах вэ, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, дэмжих ямар боломж байгаа талаар ярилаа. Чухал асуудлууд хөндөж байна. Жишээ нь, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зөвхөн үйлдвэрлэгч бус, нөгөө талаас соёлын өвийг тээгчид юм. Тийм учраас өвлүүлэн уламжлах гэдэг асуудлыг хамтад нь авч явах учиртай гэсэн асуудлыг ярьж байна.
Ш.Гаваачимэд: Цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Ш.Гаваачимэд: -Сүүлийн 30 жил зохион байгуулалт муутай байсан системийг нэгтгэсэн, цаг үеэ олсон, маш ач холбогдолтой зөвлөгөөн боллоо. Банк, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хоёрын хооронд их зөрчил үүсдэг. Зарим нь зүгээр үзэг, бийр, багс барьсан хүмүүс бий. Энэ хүмүүст хөрөнгө байхгүй. Эдгээрийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх хэрэгтэй. Тэдний оюуныг үнэлэх, банканд оюуны үнэлэмжийг баталгаажуулах бичиг баримттай болох хэрэгтэй гэж бодож байна.
“Өмнө нь бид хувиараа ажлаа хийдэг байсан бол одоо төр засагтай хамтарч ажиллах боломж бүрдлээ”
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Далай-Эрдэнэ: -Би уран бүтээлч, зураач хүн. Урьд нь модон ваар, аяны ус халаагч гэх мэт олон бүтээгдэхүүн гаргаад патент гаргуулж байсан. Өнгөрсөн жилээс арьсан эдлэлийн шинэ брэнд гаргасан. Нээлтээ хийхийн өмнө Хятад хилээ хааж, материал хомсодсоноос нээлтээ хийгээгүй. Өнөөдрийн зөвлөгөөний хувьд өмнө нь бид хувиараа өөрсдөө ажлаа хийгээд явдаг байсан бол одоо төр засагтай хамтарч, уялдаа холбоотой ажиллах боломж бүрдлээ гэж ойлголоо.
Р.Отгонлхам: Ажиллах хүч хамгийн чухал нь
“Ринчин Есүй” брэндийг үүсгэн байгуулагч Р.Отгонлхам: -Бидний үйл ажиллагаа дотооддоо байсан бол шинээр хийж байгаа зүйлс маань олон улсын зах зээл дээр гарах боломжуудыг судалж байна. Үүнд төрөөс хамтарч, дэмжиж оролцоно гэж ойлголоо. Маш их баяртай байна. Зөвлөгөөн, уулзалтыг илүү олон удаа хийснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар нэгдэж, олон улсад гарах боломж гэж харлаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв асуудлуудыг маш сайн судалсан байна. Тиймээс үүний дагуу шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Манайх оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж Лондон, Токио хотод танилцуулсан. Гэхдээ манайх хүний нөөцийн асуудлаас болоод нэг сард гаргах бүтээгдэхүүнээ гаргаж дийлэхгүй байна. Ажиллах хүч хамгийн чухал нь юм.
Б.Эрдэнэбат: Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээх өв тээгч байхыг эрмэлздэг
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч Б.Эрдэнэбат: -Би өөрөө соёлын өв тээгч буюу морь харваа гэх спортын өв уламжлалыг дэлхийд таниулж байгаа тамирчин хүн. Өнөөдөр манай клубийн гишүүд хийсэн контент, гар урлалын бүтээгдэхүүнийг дэмжиж, үзэл бодлоо илэрхийлж оролцож байна. Өв соёлоо ирээдүй хойчдоо үлдээхийг зорьж, өв тээгч байхыг эрмэлздэг. Нэгдсэн анхны том зөвлөгөөн болж, сууриа маш зөв тавьж байна гэж харлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС