Ардчилсан намын өнөөдрийн Онц их хурлаар тус намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон батлав.
Хуралд, 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн салбар байгууллагын нийт 55 төлөөлөгч санал бодлоо илэрхийлж үг хэлсэн бөгөөд үндсэн хоёр санал гаргав. Нэгдүгээрт, Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг Онц Их хурлаар шийдвэрлэж цэг тавих юм. Хоёрдугаарт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогдсон хүнээ нэр дэвшүүлдэг болох гэсэн агуулга бүхий байлаа. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж тэдгээрийг төлөөлөгчид олонхын саналаар дэмжсэн тухай Ардчилсан намаас мэдээлэв.
Намын дарга болон тогтоолын төслүүдийг Улсын дээд шүүх бүртгэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Улсын дээд шүүх дээр АН-ын дүрмийг батлах асуудал 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн хүлээгдэж байгаа бөгөөд энэ нь тус нам хоёр даргатай болсонтой холбоотой юм. Энэ удаагийн Онц их хуралд АН-ын нэг жигүүрийг толгойлж байгаа М.Тулгатын тал оролцоогүй нь Онц их хурлын дүрэм Улсын дээд шүүх дээр дахин гацах нөхцлийг үүсгэж магадгүй байна.