Вьетнамын нийслэл Ханой хотын эмч нар Pfizer болон BioNTech компаниудын үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг вакциныг андуурч 2-6 сартай 18 нярайд тарьсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Ханой хотын Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр хэрэг явдал энэ долоо хоногийн эхээр хотын нэгэн дүүрэгт болсон байна. Алдаатай тарилга хийснийг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэдсэнээр хүүхдүүдийг эмнэлэгт шилжүүлж, үзлэг, эмчилгээ хийж эхэлсэн байна.
Ханой хотын хүүхдийн үндэсний эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр вакцинд хамрагдсан хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Гэсэн хэдий ч тэдний зарим нь вакцин хийлгэсний дараа халуурч, тарилга хийлгэсэн хэсэг улайлт өгч, хавдсан байна. Гэвч эдгээр шинж тэмдэгийг вакцинжуулалтын ердийн үр дагавар хэмээн мэдээг гаргасан сонин тэмдэглэжээ.
Вьетнамын Эрүүл мэндийн сайд Нгуен Тхан Лонг Пүрэв гарагийн орой тус эмнэлэгт зочилж, хүүхдүүдийн ээжүүдтэй уулзжээ. Сайд цаашид үүнтэй төстэй хэрэг гарахгүйн тулд хараа хяналтаа чангатгаж, буруу вакцин хийлгэсэн буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг уриалсан байна.
Мөн Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас алдаа гаргахад хүргэсэн шалтгааныг судалж, болсон үйл явдалд буруутай этгээдүүдийг тогтоохыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүсчээ.
Германы BioNTech компани болон Америкийн Pfizer компанийн бүтээсэн вакцин нь эмнэлзүйн туршилтын гурав дахь шатанд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд 95 орчим хувийн үр дүнтэй болохыг харуулсан байгаа.
Вакциныг хэрэглэхийг олон арван улс оронд зөвшөөрдөг бөгөөд зарим мужид хүүхэд, өсвөр насныхныг вакцинжуулах зорилгоор хэрэглэхийг зөвшөөрч эхлээд байгаа. Тухайлбал арваннэгдүгээр сард АНУ-ын эмнэлгийн зохицуулагч CDC 5-11 насны хүүхдэд зориулсан Pfizer вакциныг албан ёсоор зөвшөөрсөн билээ.
Эх сурвалж: RIA