Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав.
Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ. Иргэдийн саналыг цаасан болон цахим хэлбэрээр авсан бөгөөд цаасан хэлбэрээр 19.323 иргэн санал өгсөн бол 12.998 хүн цахим хэлбэрээр саналаа илгээжээ.
Иргэдээс ирүүлсэн саналд тулгуурлан тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэхэд авто замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, цэцэрлэгийн хүртээмж, цар тахал, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд тэргүүлсэн байна.
Энэ мэтчилэн нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих асуудлын жагсаалтыг иргэдийн саналд үндэслэн гаргажээ. Иргэдийн санал, хүсэлтээс гадна хэрэгжүүлэгч агентлаг, яамдын албан хаагчдаас нийт 966 санал авсан. Эдгээр саналын 58 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд тусгасан буюу шийдэлтэй давхацсан, 27 хувь нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгах шаардлагатай саналыг ирүүлсэн байна.
Үлдсэн 145 санал буюу 15 хувь нь ерөнхий төлөвлөгөөний дараагийн шатанд тусгавал зохилтой саналуудыг илгээжээ. Тусгавал зохистой саналуудад сувилал, урьдчилан сэргийлэх төвүүдийг төлөвлөх, МСҮТ-ийг нэгдсэн кампус байдлаар төлөвлөх, аюултай хог хаягдлын байршил, чадавхыг нарийн тооцож төлөвлөх, ахмад болон хүүхдийн хөгжлийн төвийг төлөвлөх, соёлын өвийн ой санамжийг авч үлдэх шийдлийг тусгах зэрэг чухал саналууд илгээсэн байна.