Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл солилцох уулзалт Иргэний нисэхийн ерөнхий газарт өнөөдөр боллоо.
ИНЕГ нь Монгол Улс , Америкийн Нэгдсэн Улсын хооронд нислэг үйлдэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхтэй холбогдуулан агаарын харилцааны хэлэлцээр байгуулах , АНУ-ын Нисэхийн Захиргаа FAA ( Federal Aviation Administration ) -наас хийгдэх IASA ( International Aviation Safety Assessment ) аюулгүй ажиллагааны аудит шалгалтад бэлтгэх чиглэлээр ажиллаж байна. Мөн МИАТ ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотойгоор бэлтгэл ажил ханган ажиллаж байна.
Дээрх уулзалтын үеэр МИАТ компанийн зүгээс гүйцэтгэж байгаа ажлын явц болон төлөвлөгөөний хэрэгжилт, БОИНГ 787 агаарын хөлгийг холын нислэгт ашиглахтай холбоотой харьцуулсан судалгаа, эдийн засгийн үр ашиг, бусад үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээллийг өглөө. ИНЕГ-ын НААХЗА-наас FAA, IASA хөтөлбөрийн хүрээнд тавигдах шаардлагыг хангах чиглэлд хийж буй ажлаа танилцуулж, Монгол Улсад хэрэгжиж буй зарим хууль, эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар дурдав.
Америкийн FAA-аас тавигддаг гол шаардлага болох Монгол Улсын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний нөөц, байцаагчийн чадавх зэрэг асуудлууд тулгамдаж байгааг хоёр байгууллагын удирдлагууд хөндөж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар мөн санал солилцсон байна.
Эх сурвалж: ИНЕГ