Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд 07:00-00:00 цаг хүртэл ажиллах тухай нийслэлийн Засаг даргын захирамж сар гаруйн өмнө гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр А/739 дүгээр захирамж гаргаж, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00 -00:00 цаг хүртэл байхаар тусгаж, өмнө үйлчилж байсан 22:00 цаг хүртэл ажиллах тухай захирамжаа хүчингүй болгосон байна.
Гэхдээ хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах тухай нийслэлийн Онцгой комиссоос ямар нэг мэдээлэл хийгээгүй нь өнөөдрийг хүртэл иргэдэд эргэлзээ үүсгэжээ.
Учир нь Хотын захирагчийн дээрх захирамжийг гаргах өдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар Улсын Онцгой комисс шийдвэрлэснийг зарлаж байсан юм.
Тэрбээр “Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байхаар шийдвэрлэлээ.