УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийв.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын бүтцэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны хоёр яам байгуулах талаар, мөн БСШУС-ын сайдын харьяанд Боловсролын агентлагийг байгуулах, БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ойн агентлагийг байгуулах саналуудыг тусгасан хуулийн төслийг өргөн барьсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нар орж, миний бие ахлан ажиллаж байна.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан саналыг хэлэлцэн, бүлгийн гишүүд хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Тодруулбал, бүлгийн гишүүд Эдийн засаг, хөгжлийн яам байгуулах саналыг дэмжсэн. Гэхдээ Засгийн газраас тухайн яамыг үндсэн 5 чиг үүрэгтэй ажиллахаар оруулж ирснийг бид 11 үүрэгтэй байхаар өргөтгөх шаардлагатай гэж үзлээ.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг 7 чиг үүрэгтэй байх заалттайгаар оруулж ирснийг 9 чиг үүрэгтэй байхаар нэмэгдүүлэх саналтай тусгасан.
Боловсролын болон Ойн агентлагийг яамдын харьяанд байгуулах асуудлыг хуралдаанаар дэмжсэн. Харин Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Сангийн сайдын харьяанд байх боломжгүй. Харин Шадар сайдын харьяанд үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзлээ.
Жендэрийн тэгш байдал нь өргөн хүрээний, чухал асуудал учраас жендэрийн асуудлыг аль нэг яамны харьяанд байлгах нь учир дутагдалтай гэж үзэн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэвээр үлдээх нь зөв гэдэгт гишүүд санал нэгдлээ.
Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ хоорондын хилийн бүсийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээрийн талаар санал солилцлоо. Монгол Улс, БНХАУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн бүс байгуулахтай холбоотой хэлэлцээрийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм. Чөлөөт бүсийг байгуулснаар манай улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. Тиймээс уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед дэмжинэ гэдэгт олонхын бүлэг санал нэгдлээ” хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас мэдээллээ.