Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ойд зориулж Цэргийн эмч, албан хаагчдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
Хурлын нээлтэнд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, СБТГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар, Цэргийн төв эмнэлгийн дарга-ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од болон албаны бусад хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ “Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход энэ эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой юм. Анх 1921 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Их хүрээнд “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” байгуулах тухай Бүх цэргийн зөвлөлийн хуралдааны тогтоол гарснаар тус эмнэлэг үүсэн байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралт гээд улс орны тусгаар тогтнолын нэн чухал үйл хэрэгт цэргийн эмч нарын байгуулсан алдар гавьяа их юм. Мөн хүн төрөлхтний энх тайвныг сахин хамгаалах үйлсэд монгол цэрэг оролцох анхны шанг цэргийн эмч нар тавилцсанаас хойш НҮБ болоод ажиллагааны газарт орон нутгийн иргэдэд цэргийн эмч нар мэдлэг, ур чадвараараа одоо ч гайхагдаж байдаг гэдгийг энд онцлон хэлэхэд таатай байна” гэсэн юм.
Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, дэд хурандаа Б.Энх-Од: “Цэргийн эмнэлгийн суурин дээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын олон байгууллага үндэс сууриа тавьж, хөгжиж ирснийг түүх батлан харуулдаг. Нэгэн зууны буурал түүхийн явцад улс төр, нийгэм, эдийн засаг, дайны үеийн хүнд жилүүдэд саад бэрхшээлүүдийг туулан эгнээнээсээ олон арван эрдэмтэн мэргэд, Монгол Улсын баатар, Ардын болон гавьяат эмч, Төрийн шагналт эмч, сувилагчдыг төрүүлсэн түүхтэй билээ. Тэр цагаас Цэргийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр засгаас хүлээлгэсэн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд бат зогссоор байна. Дэлхийг хамарсан цар тахал манай оронд эхэлснээс өнөөдрийг хүртэл тэргүүн эгнээнд ачааны хүндийг үүрч тангарагтаа үнэнч зүтгэж буй хамт олон маань цаг наргүй ажлын хажуугаар эмнэлгийнхээ түүхт 100 жилийн ойн эрдмийн бүтээлд идэвх зүтгэлтэй оролцож буйд талархал илэрхийлж, эрүүл энх, амжилт бүтээлийн ерөөл өргөе” хэмээн хэлсэн.
Эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй зочин болон үндсэн илтгэгчид өөрсдийн судалгааны илтгэлээ хэлэлцүүлэх юм байна.