УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд төмөр замын дагуу байрлах өртөө, зөрлөгүүдэд ажилладаг төмөр замчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд болон төмөр зам дагаж суурьшсан орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, орчин үеийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилгоор “Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийг 2 жилийн өмнөөс шугам зам дагуу аялуулж, төмөр замчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон.
Анх УБТЗ хоёр вагоныг эмнэлгийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож энэ ажлыг эхлүүлж байсан бол энэ онд “Хөдөлгөөнт оношилгооны төв”-ийг “Талын гэгээ” хэмээн нэрлэж дахин нэг вагоныг тоногложээ. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрөл, цар хүрээ нэмэгдэж, нүд, чих хамар хоолой, сонсгол шалгах, эдгээр өвчлөлтэй холбоотой тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн байна.
Өмнө нь, харааны чадал, өнгө мэдрэх чадварыг шалгаж байсан бол одоо нүдний өмнөд болон арын хэсгийг шинжлэх биомикроскопи, харааны шил тохируулах автомат аппарат, нүдний угийн дурангаар үзлэг оношилгоо хийх, үйлчлүүлэгчдэд өвчний талаар дэлгэц дээр харуулан тайлбарлаж зөвлөгөө өгөх бүрэн боломжтой болжээ. Мөн шүдний тусламж үйлчилгээг шугам замд явж хийх кабинеттай болсноор шүд авах, ломбо хийх, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх фтортой түрхлэг түрхэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм. Цаашдаа хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн 2024 он гэхэд нийт зургаан вагоныг тусгай зориулалтаар тоноглох зорилт тавиад байна.
Хөдөлгөөнт оношилгооны “Талын гэгээ” төв өнгөрсөн сарын 27-ноос хойд шугам замд аялж эхлээд байна. Үзлэгт 18 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж Ковид-19 халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.