Олон улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Global Finance” сэтгүүлээс жижиг дунд бизнесийг дэмжигч банкуудыг энэ жил анх удаа шалгаруулсан бөгөөд ХААН Банкийг “ЖДБ-ийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжиллөө.
Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг ХААН Банк бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхижуулах, сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг билээ. Дэлхий даяар ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг ЖДБ-ийг дэмжих гэж үзэж буй энэ цаг үед ХААН Банк ЖДБ-ийг боломжит бүхий л нөхцөлөөр дэмжин ажиллаж, зах зээл дээрх ЖДБ-ийн 44.8 хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. 2020 оны байдлаар жижиг дунд бизнес эрхлэгч 2,500 харилцагчид 1.7 их наяд төгрөгийн зээл олгосон нь нийт зээлийн багцын 33 хувийг эзэлж буй юм. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдээ илүү өргөн хүрээнд, хүртээмжтэй, таатай нөхцөлөөр дэмжих боломжийг бүрдүүлэх үүднээс олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт татаж хамтран ажилладаг. Тухайлбал, сар гаруйн өмнө Нидерландын Хөгжлийн банк (FMO)-наас дэлхийд нэр хүнд бүхий томоохон хөгжлийн банкууд болон санхүүгийн байгууллагуудтай хамтран 120 сая ам.долларын урт хугацааны зээлийн санхүүжилт татсанаас 80 сая ам.долларыг жижиг дунд бизнесийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөөд байна.
“Global Finance” сэтгүүл тус шалгаруулалтыг явуулахдаа банкуудын ЖДБ-ийг хэрхэн дэмжиж, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэж буйг харгалзан үзсэний зэрэгцээ зах зээл дэх байр суурь, инноваци зэргийг гол шалгуур болгосон бөгөөд нийт 66 улсын шилдэг банкийг ийнхүү тодруулсан байна.
1987 онд үүсгэн байгуулагдсан “Global Finance” сэтгүүл нь 163 оронд уншигчтай, компанийн удирдлагууд, банкирууд болон хөрөнгө оруулагчдад бизнесийн болон санхүүжилтийн шийдвэр гаргалтад нь туслах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сэтгүүл нь судалгаа, нийтлэл бэлтгэн хүргэхээс гадна жил бүр банк, санхүүгийн байгууллагын шилдгүүдийг шалгаруулдаг нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шагналд тооцогддог юм.
ХААН Банк 2003 онд “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын шилдэг банк” шагнал анх хүртэж байсан бол үүнээс хойш тус шагналыг нийт 9 удаа, “Монгол Улсын шилдэг дижитал банк”-аар 2 удаа, “Монгол Улсын шилдэг Кастодиан банк”-аар хоёр удаа тус тус тодроод буй.