УИХ-аас томилогдсон Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах Ажлын хэсэг ойрын өдрүүдэд Рио Тинтотой ээлж дараалсан уулзалтуудыг хийж байгаа. Оюутолгойн гэрээний асуудал хөндөгдөхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хуулийн байгууллагууд Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.
Энэ нь одоо АНУ-д амьдарч байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг нэлээн сандаргаж байгаа бололтой. Тэрбээр уржигдар орой (2021.10.28) өөрийн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн бол Оюутолгойн гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ч түүнд өчигдөр (2021.10.29) мэдэгдлийн хариуг өгчээ.
Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд, Рио Тинтотой холбоотой гэрээ, хэлэлцээр хийхээр гудамжны бүх л жагсаал цуглааны ард байнга байдаг. Өөрөө ч үүнийгээ твиттерээр илэрхийлдэг. Би үүнийг огт ойлгодоггүй. Энэхүү гэрээ хэлэлцээрийг амжилттай болгох нь яагаад энэ хүмүүсийн аллерги, харшлыг нь хөдөлгөөд байдаг юм бол.
Нэг нь АНУ-аас их сандарсан байдалтай, яриа хийх юм. Нэг нь дотооддоо иргэний нийгмийн байгууллагуудыг өдөөн турхирах, Засгийн газрыг тогтворгүй байлгах, үймээн самуун тарих бүх зүйлийн ард байдаг.
Долдугаар сард монгол түмнийг Yes Naadam, No Naadam гэж хоёр талцуулсан. Ямар байгууллага, ямар улсын захиалгаар ийм үйлдэл хийгээд байгааг ойлгохгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний хувиар асуудалд хандаасай гэж хүсэж байна” гэлээ.
Мөн сайд Х.Нямбаатар цахим хуудастаа “Харийн нутгаас харийн компанийн пиар маркетинг хийж, хутган үймүүлэхийн оронд эх орон элгэн садандаа ирж өөрийн гараар үзэглэсэн гэрээний үр дагаврыг ухуулан таниулж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах нь Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүний эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг юм” хэмээн бичиж үлдээжээ.