Тээврийн прокурорын газраас Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнийг арилгуулах чиг үүргийн дагуу зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Жолооч бэлтгэхэд анхаарах асуудал” сэдэвт ажил хэргийн уулзалт зохион байгуулж, жолоочийн ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох сахилга, хариуцлага, соёлыг дээшлүүлэх, жолооч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтад ХЗДХЯ, БШУЯ, ЗТХЯ, ХНХЯ, Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Тээврийн цагдаагийн алба, Бүртгэл, хяналтын төв, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалт, инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Авто тээврийн үндэсний төв, Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон байна.
Зам тээврийн осол нь жолооч, явган зорчигчийн зүгээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдал, байгаль, цаг агаарын нөхцөл зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан гардаг. Энэхүү уулзалт, ярилцлагад оролцогч байгууллагууд жолоочийн үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, жолооч бэлтгэж буй өнөөгийн байдал, анхаарах асуудлаар тус тус мэдээлэл хийж, санал солилцлоо.
Тодруулбал, жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан сургалтын хөтөлбөр, стандарт, тэдгээрийн биелэлт, жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, жолоодох эрхийн шалгалт авах журмын хэрэгжилт болон тэдгээрийг боловсронгуй болгох, жолоочийн замын хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх асуудлаар ярилцсан байна.
Уулзалтын үр дүнд оролцогч байгууллагуудаас гаргасан санал, шүүмжлэлд тулгуурлан шаардлагатай асуудлаар зөвлөмж гарган эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр боллоо.
Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай:
Прокурорын байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоож, арилгуулах арга хэмжээ авах чиг үүрэгтэй ажилладаг. Тээврийн прокурорын газар энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолоочоос шалтгаалан гарч байгаа ослыг бууруулах ажлын хүрээнд “Жолооч бэлтгэхэд анхаарах асуудал” гэсэн сэдвээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Зам тээврийн осол нь жолооч, явган зорчигчийн зүгээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдал, авто зам, замын байгууламжийн байдал, эвдрэл гэмтэл, байгаль, цаг агаарын нөхцөл гэх мэт бусад хүчин зүйлсээс шалтгаалан гардаг. Өнөөдрийн энэхүү уулзалт, ярилцлагаар жолоочоос шалтгаалан гарч байгаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан санал, мэдээллээ солилцон ярилцаж байна.
Жолооны сургалтад хамрагдаж байгаа суралцагч нарт Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, тээврийн хэрэгсэл жолоодох чадвар олгохоос гадна замын хөдөлгөөнд сахилга бат, хариуцлага, соёлтой оролцож байх ухамсар, ёс зүйг төлөвшүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн зам тээврийн осол, түүний хор уршиг, хохирол, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх эрх зүйн хариуцлагын талаарх ойлголт, мэдээллийг өгч байх нь зүйтэй байна.
Жолооч бэлтгэх гэдэг нь сургалтын хөтөлбөр, стандарт, сургалтын үйл ажиллагаа, жолоодох эрхийн шалгалт авах ажиллагаа зэргээр ойлгох ёстой. Уулзалт, ярилцлагын үеэр гарсан жолооч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар гарсан саналд тулгуурлан холбогдох эрх бүхий байгууллагад зөвлөмж өгөхөөр төлөвлөж байна.
ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн Мэргэжил хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагвасүрэн:
Өнөөдрийн уулзалт маш чухал ач холбогдолтой уулзалт болж байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа олон шалтгаан нөхцөл байдаг ч жолооч нараас шалтгаалах хувь улсын хэмжээнд хамгийн өндөр буюу 90 гаруй хувьтай байгаа нь анхаарал татаж байна. Олон улсад 80-аас доош хувь байдаг.
Тэгэхээр жолооч бэлтгэх асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай болоод байна. Цагдаагийн газраас сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж, жолоодох эрхийн шалгалтыг авахдаа техник, технологийг нэвтрүүлэн сайжруулах талаар ажиллаж байна.
Гэхдээ нэг чухал зүйл байгаа нь шинээр жолооч болж байгаа болон ангилал ахиж байгаа жолооч нарт давтан сургалт тогтмол явуулж байх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа. Анх үнэмлэх авчихаад тэр чигтээ яваад л байдаг. Гэтэд замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомж өөрчлөгддөг. Энэ бүх өөрчлөлтийг таниулах үүднээс давтан сургалтыг явуулах ёстой гэж харж байна. Машин жолоодох ур чадварыг нь ч дахин шалгах хэрэгтэй болчихоод байна. Тэгэхээр давтан сургалт маш чухал.
“Жон бэйс” сургалтын төвийн захирал С.Нарантуяа :
1996 оноос хувийн хэвшлүүд жолооч бэлтгэж эхэлсэн. Түүнээс хойш хот хөдөөд сургалтын төвүүд олноор бий болсон. Хөдөлгөөний нягтаршил их болох тусам жолооч нарын хариуцлага нэмэгдэж байна. Сургалтын төвүүд сайн жолооч бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байгаа.
Гэхдээ жолооч нар өөрсдөө бие биедээ хүндэтгэлтэй хандмаар байна. Жолоо бариад хөдөлгөөнд оролцох хэмжээний ур чадвар олгоод төгсгөдөг ч зарим жолоочийн хүмүүжил, ёс зүйн асуудал маш дутагдалтай байгааг хэлэх хэрэгтэй.
Тээврийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч В.Хосбаяр:
Тээврийн прокурорын газраас цаг үеэ олсон уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад баяртай байна. Улсын хэмжээнд 1 сая 400 мянган жолооч байна. Жолооч нарын авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн мэдлэг сул, туршлага муу байгаа нь тодорхой хэмжээний осол гэмт хэрэг зөрчил гаргах шалтгаан болж байна.
Хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаараа оролдох, холын замд хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, тогтоосон хязгаараас дээш хурдтай явах зэрэг тухайн жолоочоос шалтгаалсан гэмт хэрэг, зөрчлүүд буурахгүй байна. Тиймээс энэхүү уулзалт хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлээд явахад үр дүн гарна гэж бодож байна.