Ойрын өдрүүдэд “Оюутолгой” төслийн асуудлаар хэлэлцээ хийх Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж байгаа. Оюутолгойн гэрээг сайжруулах үүрэг хүлээсэн Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өнөөдөр “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах өөрчлөлт болон хамрах хүрээний талаар хэлэлцэнэ гэж мэдээлжээ.
Хөрөнгө оруулагч талаас “Оюутолгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд дөрвөн заалт бүхий саналыг Засгийн газарт хүргүүлээд байна.
Саналуудын хувьд Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох өр төлбөрийн 70 хувийг тэглэх санал гаргасан юм. “Оюутолгой” төслийн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсны үр дагаврыг хариуцаж, гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн нэмэлт орлогыг төсөвт бүрдүүлэх, мөн зардлын хэтрэлтээс менежментийн төлбөр авахгүй гэдгээ илэрхийлжээ.
“Хэлэлцээрийн явцад эдгээр дөрвөн саналд сэтгэл хангалуун бус байгаа”-гаа Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар илэрхийлсэн юм. Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол хэлэлцээ цаашид үргэлжлэх боломжгүй” гэж мэдэгджээ.
Үүнээс гадна талууд эрчим хүч тогтвортой худалдан авах гэрээнд 11 дүгээр сарын долоонд багтаж гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна.