Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээнд зориулж 2022 оны улсын төсөвт 12.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Энэ хөрөнгөөр ойжуулалт, ойг нөхөн сэргээх болон үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг үнэлэх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн арчилгаа цэвэрлэгээ, судалгаа, зураг төсөл боловсруулахад зарцуулах юм байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод усны нөөцийг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хангаж, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа сэргээх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгыг эхлүүлсэн нь иргэн, аж ахуйн нэгж, хөрш орнууд төдийгүй бүс нутгийн улс орнуудын дэмжлэгийг хүлээгээд байгаа юм.
Мөн цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохицуулалтаар хангах зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвийг өөрчлөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн судалгаа, хөгжлийн газар болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тус тус байгуулах гэж байгаа аж.