Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрсөн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр мэдэгдлээ.
Засгийн газар боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт энэ оны эхний зургаан сарын байдлаар 6.3 хувь, жилийн эцсээр 4.1 хувьд хүрэхээр хүлээгдэж байгаа талаар мөн танилцуулжээ.
Экспортын асуудал ирэх жилүүдэд том сорилт байх болно гэдгийг Сангийн сайд хэлж байна. Гол экспортын бүтээгдэхүүн нь уул уурхайн түүхий эд байх болно, үнэ өндөр байгаа энэ үед хангалттай экспорт хийж чадахгүйгээс алдагдал хүлээх төлөвтэй байгаа аж.
Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ боломжийг 2022 онд алдахгүйгээр, экспортын хэмжээг цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн гэв. Нөхцөл байдал гадаад, дотоод орчноос хамааралтайг дурдаад дотоодоос шалтгаалах асуудлуудаа шийдвэрлэх чиглэлд бүхий л боломжоо дайчилж байгаа.
Тухайлбал, Гашуун-Сухайт боомт дээр чингэлэг тээврээр нэвтрэн өнгөрүүлэх томоохон чингэлэг тээврийн терминалыг барьж дуусгасан байна. Мөн Шивээ хүрэн боомт, Замын-Үүд дэх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа хэмээн УИХ-ын гишүүдэд мэдээлжээ.