Засгийн газар өнөөдөр /2021.10.27/ хуралдаж, гаргасан шийдвэрийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Өнөөдөр хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Нэгдүгээрт, одоогийн мөрдөж буй Covid-19-ийн түр журмыг шинэчлэн батлах,
- Хоёрдугаарт, дархлаажуулалтын нэмэлт тунг 50 хувийн ирцтэй болохоор тодорхой аж ахуй нэгж, үйл ажиллагааг хариуцлагын гэрээний хүрээнд явуулах,
- Гуравдугаарт, Эрүүл мэндийн яамнаас дархлаажуулалтын тунгуудад хамрагдах хугацааг өөрчилсөн байгаа.
- Дөрөвдүгээрт, Авлигын эсрэг ажлын хэсэгт Ерөнхий сайд тодорхой үүрэг, даалгаврыг өгсөн байгаа. Тухайлбал, авлигатай холбоотой хэргийн ялыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна.
- Мөн Замын-Үүд боомтын хилийн хяналтыг сайжруулах, боомтуудын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр анхаарах, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэсэн байгаа. ОХУ-ын тухайд энэ сарын 30-наас ирэх долоо хоног хүртэл хилээ түр хугацаанд хаасан байгаа.
Үнийн өсөлтийг иргэдэд үүрүүлэхгүйн тулд хятадаас хүнс нарийн ногоо татан авалтыг эрчимжүүлнэ
ХХААХҮ-ийн Сайд З.Мэндсайхан:
-Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг хянах тал дээр хэрхэн анхаарч ажиллах тал дээр Засгийн газар хуралдсан. Covid-19-тэй холбоотойгоор хил, гаалийн асуудлаас хамаарч махны экспортыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэр гаргалаа. Дараагийн асуудал бол ургац хураалт. Одоогоор ургац хураалт 80 хувьтай явж байна. Энэ жил тариалалтын нөөцтэй холбоотойгоор гурилын үйлдвэрүүдэд илүүдэл улаан буудай гарч байгаа. Үүнийг Засгийн газраас худалдаж авч, нөөцийг алдагдалгүй болгохоор болсон. ХХААХҮЯ дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийг борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон. Будаа болон ургамлын тос зэрэг нөөц багассан 190 орчим хүнсний бараатай вагоныг шат дараатайгаар оруулж ирэхээр ажиллаж байна. Нарийн ногооны нийлүүлэлт хөл хориотой холбоотойгоор гацаж, хомстол үүсч байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх тал дээр Хятадтай хэлэлцэж байгаа.
COVID-19-ийн халдвар мутацилагдаж байгаа учир дасан зохицож ажиллана
УОК-ын нарийн бичгийн дарга Баярхүү:
-Улсын онцгой комисс, Засгийн газраас ойрын хугацаанд барьж ажиллах төлөвлөгөөг танилцуулсан. Нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, зарим үйл ажиллагааг хэвийн явуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн. Covid-19-ийн халдвар мутацилагдаж байгаа учир дасан зохицож ажиллана. Хамгийн чухал нь иргэд нэмэлт тунгаа хийлгэх шаардлагатай байна. Хариуцлагын гэрээний хүрээнд арваннэгдүгээр сарын 1-нээс тодорхой хэмжээнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. Журамд заасан шаардлагын дагуу үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь гэрээний хүрээнд явагдаж байгаа.
Мөн зарим хилийн боомтод гацсан болон тээвэрлэлтэд явж байгаа эм, эмнэлгийн хэрэгслүүдийг татан авахаар холбогдох байгууллагууд арга хэмжээ аван ажиллаж байна.