Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон гишүүн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Хөдөлмөрийн тухай хууль энэ оны долдугаар сард батлагдсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Гэтэл энэ хуулийг мөрдөж эхлээгүй байхад зарим зүйл заалтыг нь хойшлуулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос тодорхой үйл ажиллагаанууд зохион байгуулж эхэллээ. Тиймээс бид мэдэгдэл гаргаж байна.
Хэрвээ шинээр хэрэгжих Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх заалтыг УИХ-ын гишүүдийн хэлсэнчлэн Засгийн газраас УИХ-д өргөн барьж, батлуулсан тохиолдолд уул уурхайн салбарынхан эрхийнхээ хүрээнд орон даяар ажил хаялт зарлаж болзошгүй байгаа хэмээв.
Оюутолгой компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга н.Баярмаа
“УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Оюутолгой компанийн нэрийг дурдаж 14 ажиллаад, 14 хоног амрах хуваарийг хойшлуулах хүсэлт гаргасан. Хэрвээ Засгийн газар саналаа оруулж ирвэл УИХ дээр дэмжээд батлах боломжтой гэдэг байр сууриа илэрхийлсэн.
Оюутолгой компанийн удирдлагын зүгээс үйлдвэрчний эвлэлийн хороо болон нийт ажилтнууддаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 14 ажиллаад, 14 хоног амрах хуваарийг мөрдөнө гэдгээ илэрхийлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 160 гаруй ажлын байрны зар шинээр зарлагдаад байна.
Нийт ажилчдын зүгээс уурхайчдын хувьд олон жил хүлээсэн энэ хуулийн заалтыг Оюутолгой компани түүчээлэн хэрэгжүүлнэ хэмээн найдаж байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүдийн хэлсэн шиг зохицуулалт хийгдвэл нийт ажилтнуудын зүгээс дараагийн арга хэмжээг авахад бэлэн байна” хэмээн ярилаа.
Уурхайчдын зүгээс “28 хоног ажиллаад, 14 хоног амарч байгаа бөгөөд цар тахлын үед улс орны эдийн засаг, экспортын нөхцөл байдлыг бодоод 45 хоног хүртэл хугацаагаар сунаж ажиллаж байгаа. Цаашдаа ингэж урт хугацаагаар сунаж ажиллах боломжгүй. Энэ нь уурхайчдын, тэдний ар гэрийнхний эрх ашгийг зөрчсөн үйлдэл” гэдгийг хэлж байв.