УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Замын-Үүдийн чөлөөт бүсэд баригдсан дулааны станцын талаар мэдээлэл өглөө.
“Уг станцын хүчин чадал нь 90МВт. Замын-Үүд сум, чөлөөт бүсийн хэрэглээ нийт 20 орчим МВт байгаа. Өөрөөр хэлбэл дөрөв дахин их хүчин чадалтай эх үүсвэр ашиглалтад орсон.
Цаашдаа өсөн нэмэгдэх дулааны эрчим хүчний хангамжийг ойрын ирээдүйд хангах боломжтой. Цахилгаан хангамжийн хувьд харамсалтай. Маш их үнэтэй, том станц барьсан.
Нэр бүхий ажлууд дутуу хийгдсэнээс болоод шинээр баригдсан цахилгаан хангамжийн эх үүсвэрээс Замын-Үүдийн чөлөөт бүсийг эрчим хүчээр хангах боломжгүй байгаа.
Эрчим хүчний яамнаас нэмэлтээр хийх ёстой ажлуудыг гүйцээх төсвийг гаргаж шаардлагатай 1.4 тэрбум төгрөгийн саналаа хүргүүлсэн. Батлагдвал хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт зарлана. Зураг төсөл бэлэн учир гүйцэтгэгч шалгарвал ажил саадгүй явна.
Мэргэжлийн хүмүүс энэ ажлыг 60 хоногт багтаан хийх боломжтой гэж байгаа. Одоогоор ажил дутуу хийгдсэнээс болоод конторын барилгын цахилгааныг хүртэл гаднаас авч байгаа нь харамсалтай” гэв.