Өсвөр насны хүүхдүүдийг коронавирусийн вакцинд хамруулах нь чухал. Энэ нь насанд хүрэгчдийг хамгаалахад чухлаас гадна хүүхдэд коронавирус хөнгөн, эсвэл шинж тэмдэггүй явагдсан ч үрэвслийн хам шинж нь хүнд байх тохиолдол гардаг гэж Адасс Ар-Ацофим эмнэлгийн хэсгийн эрхлэгч, профессор Яков Беркун Pfizer вакцин үр дүнтэй байгаа тухай судалгаанд тайлбар өгөх үеэрээ мэдэгджээ.
Израилийн “Клалит” эмнэлэг Харвардын их сургууль, Бостоны хүүхдийн клиниктэй хамтран явуулсан судалгаагаар Pfizer вакцин 12-18 насныханд “Дельта” омгийн эсрэг өндөр үр дүн үзүүлснийг New England Journal of Medicine-д нийтэлжээ.
“FDA тавдугаар сард 12-оос дээш насныхны вакцинжуулалтыг баталсны дараа Израильд зургаадугаар сараас эхлэн өсвөр үеийнхийг вакцинжуулж эхэлсэн. Энэ бүлэгт явуулсан судалгаагаар Pfizer 100% үр дүн үзүүлсэн, өсвөр үеийнхний цөөн бүлэг хамрагдсан. Үүнээс гадна тэд судалгаа явуулах үед эх омог буюу “альфа” омог давамгайлж байсан. Харин одоо вирус маш их өөрчлөгдөж, бидэнд вакцин “дельта” омгийн эсрэг үр дүн бага байх вий гэсэн болгоомжлол байсан” хэмээн Беркун ярьжээ.
Энэ бол маш чухал судалгаа. Учир нь өсвөр насныхан дунд үр дүн байна уу гэдгээс гадна “дельта” омогт ямар байна вэ гэдгийг судалсан юм.
“Судалгааны үр дүнгээр эхний тунгаас хойш 14 хоногийн дараа үр дүн нь 59% байсан. Хоёр дахь тунгийн вакцины дараа халдвараас сэргийлэх үр дүн 90% болсон” гэж тэрбээр хэлжээ.
“Хүүхдүүдэд үр дүн яг л томчуудынх шиг үзүүлж байна. Ямар ч байсан илүү биш юм аа гэхэд, дутахааргүй үйлчиллээ. Вакциныг өөрчлөөгүй, омог өөрчлөгдсөн ч “дельта”, “альфа” аль алиных нь эсрэг үйлчилсэн. Өсвөр үеийнхэнд вакцин хийлгэх нь чухал. Учир нь тэд бол халдварын мотор гэдгийг бид Израилийн хэд хэдэн давалгаанаас ахрагдлаа. Сургуулиас эхлээд л насанд хүрсэн хүн ам руу шилжиж байлаа шүү дээ. Насанд хүрэгчдийг хамгаалахын тулд хүүхдүүдийг вакцинжуулах хэрэгтэй” хэмээн Беркун тэмдэглэжээ.
Хүүхдүүд түүнчлэн үрэвслийн хүнд хамшинж илэрдэг гэнэ. “Миний эмнэлэг Аддаст хоёр кампуст 40 гаруй хүүхэд хэвтсэн. Тэдний олонх нь өсвөр насныхан бөгөөд коронавирусээр өвчилснөөс хойш 2-6 долоо хоногийн дараа үрэвслийн хүнд хамшинжээр өвдсөн. Бүр хөнгөн, шинж тэмдэггүй туссан ч адил байсан. Энэ бол өсвөр үеийнхнийг вакцинжуулах шаардлагатай гэсэн үндсэн шалтгаан” хэмээн судлаач дүгнэжээ.
Израильд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн нийтээр нь дархлаажуулж эхэлжээ. Тус улсын иргэд Pfizer-ийн вакцин хийлгэж байгаа юм. Нэгдүгээр сарын 10-наас вакцин хийлгэсэн хүмүүс хоёр дахь тун авч эхэлсэн байна. Харин зургаадугаар сард 12-15 насныханд тарилга эхэлжээ. Өнөөдрийн байлаар 5,7 сая гаруй хүн хоёр дахь тунгаа, 3,87 сая гаруй хүн гурав дахь тунгаа хийлгээд байгаа юм.
Эх сурвалж: RIA