Төрийн ордонд өнгөрсөн Баасан гаригт (2021.10.15) болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулганд тавьсан Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн илтгэлээс хэсэгчлэн хүргэж байна.
Иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад эргэлтийн шинжтэй шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай
Хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой холбоотой зоримог шинэчлэлийг хийж, өнөөдөр нэн тулгамдаж шийдлээ хүлээж байгаа олон асуудлыг зохицуулах, шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж харж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сунжирсан процесст иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж, сэтгэл санаа, тайван байдлаа алдаж байгаагийн улмаас шүүхийн болон хуулийн байгууллагын үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байгаа нь нийтлэг үзэгдэл болоод байна. Тиймээс бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудын шинэчлэлийг хүний эрхэд төвлөрөлтэй, оролцогчдод хүндлэлтэй, хугацаа, зардалд хэмнэлттэй байх зарчимд үндэслэн хийх ёстой.
Иргэд хэрэг маргаанаа аль болох “чирэгдэлгүй”, “хугацаа алдахгүй”, “үнэн зөв” шийдвэрлүүлэх зорилгоор хуулийн байгууллагад ханддаг. Гэтэл бидэнд хандаад “бүр их чирэгддэг”, “цаг хугацаагаа алддаг”, “илүү төвөг үүсдэг” байж болохгүй. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлж байна.
Шүүн таслах ажиллагааны журмыг үйлчлүүлэгчдээ үнэн, зөв тайлбарлаж, хууль, журмыг зохих ёсоор хэрэгжүүлдэг нэгэн байхад, эсрэгээрээ шүүн таслах ажиллагаанд зохиомол хүндрэл үүсгэж, хурал хойшлуулдгаараа гаршсан эрх зүйч, хуульчид байгаа нь нууц биш.
Тиймээс хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхээ урвуугаар ашиглаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэс төгсгөлгүй хойшлуулж, иргэд болоод хууль зүйн систем бүхэлдээ цаг хугацаа, зардал мөнгө, сэтгэл зүйгээр хохирч байгааг процессын хуулиудад шинэтгэл хийх замаар хугацаа алдалгүй өөрчлөх шаардлагатай.
Үүнээс гадна жил бүр 20 орчим хувиар өсөж байгаа иргэний хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээгээр нь ангилан авч үзэх, оролцогчид нь зөвшөөрсөн тохиолдолд жижиг үнийн дүнтэй маргааныг төвөг чирэгдэл бага, цаг хугацаа хэмнэсэн журмаар шийдэх сонголтыг иргэдэд өгөх, цахимжилтын үе түрж ирж байгаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим нотлох баримтыг гаргаж өгөх, үнэлэх ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд шинэтгэл хийх хэрэгцээ байна. Түүнчлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалыг өргөн дэлгэр ашиглах боломжийг олгох нь зүйтэй.
Иймд хууль санаачлах бүрэн эрхтэй субьектэд тулгамдаад буй асуудлуудыг хүргэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад шинэтгэл хийхэд шүүх, шүүгч бид практиктаасаа хуваалцан, санаачилгатай, манлайлан оролцоход бэлэн байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.