Төрийн ордонд өнгөрсөн Баасан гаригт (2021.10.15) болсон Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулганд тавьсан Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн илтгэлээс хэсэгчлэн хүргэж байна.
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол системийн шинэчлэлийн суурь тул баталгаатай хангах шаардлагатай.
2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Үндсэн хууль дахь шүүхийн шинэчлэл “амь орж” хэрэгжих, мөн хуулийн систем дэх цаашдын шинэчлэлүүд өрнөх нөхцөлийг бүрдүүллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн загварт зарчмын өөрчлөлт орсон тул үүнийг шинэчлэлийн түвшинд анхаарч авч үзэх ёстой.
Хууль батлагдах нэг хэрэг. Харин хуулийг үзэл баримтлалд нь нийцсэн тэр агуулга, зарчмаар хэрэгжүүлэхэд гол нь бид ойлголтоо нэгтгэж, чиг хандлагаа зөв тогтооход хүчин чармайлт гаргаж ажиллах нь зайлшгүй.
Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөс өмнө харамсалтай нь эрх зүйн соёл, улс төрийн хандлагын хувьд шүүх эрх мэдэлд улс төрийн зарим оролцоог de facto хүлээн зөвшөөрч ирсэн. Ингэхдээ зарим нөхцөлийг бүр хуульчлан баталгаажуулж, шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилгоо улс төрийн нэг бүтцээс хамааралтай явж ирснийг бид мэдэж байгаа. Тэгвэл Үндсэн хууль дахь шүүхийн энэ удаагийн шинэчлэлээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудлыг улс төрийн нэг бүтцээс хамааралтай байдлыг халж, шүүхийн өөрийн оролцоо, удирдлагыг хангах шинэ загварыг бий болгоод байна.
Бие даасан шүүхийн гол мөн чанар нь хүний нөөцийн сонгон шалгаруулалт, шүүгчийн нэр дэвшүүлэлт улс төрийн болон аль нэг этгээдийн шууд ба дам оролцооноос ангид байхад оршино. Тийм ч учраас шүүгчийг шилж олох ажилд хөндлөнгийн зүй бус оролцоог хумихыг зорьж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдсэн.
Энэ удаагийн шинэчлэлийн дүнд шүүгчийг шилж олох ажлыг хариуцаж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг шүүгчид өөрсдөө Нийт шүүгчийн чуулганаас сонгох эрх зүйн үндэс бүрдсэн нь шүүхийн системд амин чухалд тооцогдох шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сахин хангасан явдал мөн. Үүний хэрэгжилт одоо шүүгчдээс өөрсдөөс нь шалтгаална.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний нөгөө тэн хагасыг томилоход төрийн бусад институц оролцохоор зохицуулсан. Үүнд улс төрийн шалгуураар бус харин уг ажлыг хэн нь илүү хийж гүйцэтгэж чадах мэргэжлийн, боловсролын, ёс зүйн, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, нэр дэвшигчдээс хамгийн сайн шаардлага хангасан хуульчийг шилж сонгох чадвараараа өрсөлдөж томилогдох хуультай. Үүнд улс төрийн болон эрх нөлөөтэй этгээдүүд явцуу ашиг сонирхлоо хязгаарлаж, энэ чиг үүргийг хүлээсэн Ажлын хэсгийг чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангахгүй бол хуулийн хэрэгжилт, үзэл баримтлал гажуудалд хүрнэ гэдгийг цохон тэмдэглэе.
Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд нийт шүүгчид өөрийн удирдлагын бүтэц болох чуулганаараа дамжуулан оролцох, улмаар тэдэнд нэг дарга, нэг хүн биш, харин шүүгчид нийтээрээ хэлэлцэн шийдэж, үгээ дайж үүрэгжүүлэх, болохгүй бол эгүүлэн татаж огцруулах боломж бүрдсэн. Түүнчлэн анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооны тогтолцоог халж, Танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох эрх баталгаажлаа.
Энэ бол шүүхийн хараат бус байдал, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд нэг алхам урагшилж буй үйл явдал мөн. Гагцхүү энэ механизмыг шударгаар хэрэгжүүлэх ёстой. Бусад шүүгчдээ зөв манлайлах, хараат бус байдлаа хадгалж сайн дуурайл үзүүлэх, ёс зүйн үлгэр жишээ болох нэгнээ шүүгчид дотроосоо сонгон томилох байдлаар энэ механизмыг зөв ажиллуулах нь шүүгчдийн үүрэг болж байна.
Тиймээс одоо шүүгчид бид бусдаас бие даасан, хараат бус байдлын баталгааг нэхэж шаардахаас өмнө шинэчлэлийн эдгээр боломжийг зөв, шударгаар ашиглаж, өөрт ногдох ачааг өөрсдөө үүрч, хариуцлагаа ч хүлээх цаг үе ирсэн.
Өөрчлөлт, шинэчлэл нь аливаа алдааг засаж сайжруулахад оршдог. Шүүх эрх мэдлийн байгууллагын зарим үйл ажиллагаа, хуульчдын ёс зүйн байдлын талаарх олон нийтийн үнэлгээ, хандлага сөрөг талдаа давамгайлж байгаа нь үнэн. Олон улсын болон бие даасан судалгааны байгууллагуудын үнэлгээ ч ойролцоо байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн арван үр дүн гэсэн мэдээллийг 2015 онд олон нийтэд танилцуулсан. Тэнд дурдсан арван үр дүнгээс “шүүхийн бие даасан байдал”, “мэргэшсэн шүүх, шүүгч”, “шүүгчийн хараат бус байдал”, “хүний нөөцийн шинэтгэл”, “шүүхэд итгэх итгэл” гэсэн хэсгүүдэд хүлээлт хангах нааштай үр дүн гарахгүй байсаар өдийг хүрлээ. Үндсэн асуудлууд болох бие даасан, хараат бус байдал, хүний нөөцийн сонголт, томилгоо зэрэгт хэлбэрийн шинэтгэл хийгдсэн боловч агуулга шинэчлэгдээгүй явж ирсэн.
Иймд бид бие даасан, хараат бус байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар Үндсэн хууль болон хууль тогтоомжийн түвшинд эрх зүйн үндэслэл, зохицуулалтууд бий болсон гэж сэтгэл амрах болоогүй байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2019 оны судалгаагаар шүүгчид нэр дэвшүүлэх, шилж олох ажиллагааг эрхлэх байгууллагад нээлттэй, ил тод, тэнцвэртэй байдлыг хангахгүй бол тэр орон зайд улс төр, бизнесийн бүлэглэл нөлөө тогтоодог гэдгийг анхааруулжээ. Тавигдах шалгуурыг тодорхой болгож, мөн сонгон шалгаруулалтын үнэлгээг нь харгалздаг болсноор “хамаарлаас ангид” шүүгчдийг шалгаруулах зорилго хангагдах юм.
Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог “телефон жастис” буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна.
Ийм байдал биднийг тойроогүй юм шүү. Хуучин нам, төрөөс хамаардаг байсан бол харин одоо өөр этгээдээс хамааралтай болж өөрчлөгдсөн. Тэр шинэ хамаарагч нь ихэвчлэн шүүгчийн томилгоонд оролцоотой этгээд, дээд шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгч зэрэг болоод буйг судалгаа тодорхойлжээ.
Үүний шалтгаан нь нэгдүгээрт, албан бус холбоо хэлхээ газар авсан, хоёрдугаарт, шалгаруулалт хийхдээ тодорхой шалгуургүй буюу хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байдаг, мөн сонгон шалгаруулалтын бодит үнэлгээг харгалздаггүйд оршиж байна. Энэ урхагт байдал нь шүүгчдийн бие даан ажиллах итгэлийг үгүй хийж, “хамаарлын тогтолцоо” үүсгэдэг.
Одоо бид энэ хамааралт сэтгэлгээнээс ангижрах цаг болсон. Хамааралгүй ажиллах хууль зүйн үндэслэл Үндсэн хуульд болон Шүүхийн тухай хуульд чамлахааргүй бүрдлээ. Тиймээс шүүгчид нэр дэвших, шат ахих зэрэгт улс төрийн болон шүүхийн зарим нэг эрх дархтай этгээдтэй холбогдож, түүгээр дамжуулан нөлөөлөх хууль бус үйлдэлд орон зай байх ёсгүй!
Цаашид мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй шүүгчдэд ахиж дэвших үүд хаалга нээлттэй байна. Нөгөөтэйгүүр шүүгч нэг бүрээс шүүхийн системийн нэр хүнд шалтгаалж байна. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргиж” байгааг шүүхийн системд гарч буй зарим үйл явдал харуулж байгаа бөгөөд ийм байдал давтагдах ёсгүй.
Шүүхийн бие даасан байдал эдийн засгийн баталгаагүй бол хэрэгжихгүй. Rule of Law Index буюу Эрх зүйг дээдлэх индексээр Монгол Улс дэлхийд одоогоор 57 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай улсаас хойш эрэмбэлэгдсэн ОХУ, Украйн, Турк зэрэг улсад нэг хүнд ногдох шүүхийн төсөв нь жилд дунджаар 14 ам.доллар, харин манай улсын шүүхийн 2021 оны төсөв үүнээс хоёр дахин бага буюу “нэг хүнд долоон ам.доллар” ногдож байгаа нь харамсалтай.
Төсвийн ангиллаар авч үзвэл эдгээр улсын шүүхийн төсвийн 65 хувь цалин хөлсөнд, 11 хувь байрны арчилгаа, шинэ барилгад, долоон хувь шүүхийн зардалд, дөрвөн хувь цахимжилтад, нэг хувь сургалтад, 12 хувь бусад зардалд зарцуулагдаж байна. Гэтэл манай улсын шүүхийн төсөвт хөрөнгийн зардал, барилга байгууламжид зарцуулсан мөнгө сүүлийн жилүүдэд шүүхийн өөрийн төсвийн нэг хувьд ч хүрэхгүй явж ирсэн.
Төсөв, санхүүгийн хэт боомилогдсон байдал нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй, хамгийн гол нь иргэд, олон нийтэд хүрэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлж байна.
“Шүүхийн төсөв” гэхээр шүүгчийн цалин, ширээ сандал төдий ойлголтоо хаяж, шүүхээр үйлчлүүлж буй иргэддээ зориулж буй хөрөнгө оруулалт гэж хармаар байна. Иргэд “шүүгч, хуульчидтай уулзах”, “асуудлаа шийдвэрлүүлэх эцсийн цэг” нь нөгөө л шүүхийн байр, танхим гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй.
Хууль болон Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолд зааснаар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд нийт 724 шүүгч ажиллах ёстойгоос өнөөдөр 205 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна.
Ийнхүү орон тоо дутуугийн зэрэгцээ 2016 онд нийт 62 мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2020 онд 89 мянган хэрэг шийдвэрлэж, харьцуулахад нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 43 хувиар өсөж, анхан шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 1.5 өдөрт нэг хэрэг, түүний ард гомдол, нэхэмжлэл гаргасан, татагдсан олон хүний амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэж, ачаалал хүний үүрч болох чадамжаас хэтийдэн давлаа.
Түүнчлэн шүүх өнөөдөр захиргааны болон мэргэжилтэй ажилтнуудын хүний нөөцийн хомсдол, хямралд автаад байна. Шүүхийн хүний нөөцийн бодлого төсөв санхүүгийн хүрэлцээгүй, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалин хэт бага байгаагаас өндөр ачаалал дор тогтвортой ажиллах мэргэжилтэй боловсон хүчингүй болж, өмгөөлөгч, хувийн хэвшилд ажиллах хуульчдын дадлагажих дамжлага, сургалтын баазын үүргийг гүйцэтгээд удлаа. Боловсон хүчний энэ хомсдол нь шүүн таслах ажиллагааны чанар үр дүнд сөргөөр нөлөөлж, энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй.
Шүүхийн бие даасан байдлын эдийн засаг, төсвийн баталгаа хангагдахгүй байгаа нь үндсэндээ төсвийн зохистой бодлого алдагдсанаас улбаатай. Гэхдээ нөгөө талаар төсөв улсын хөгжил, эдийн засгийн боломжоос тодорхой хэмжээгээр хамаарч байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Тиймээс дутагдаж, гачигдаж байгаа зүйлд зардал мөнгийг зайлшгүй хуваарилан нэмэх арга хэмжээг авахын зэрэгцээ сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг бодолцож цаашид зардал хэмнэх дэвшилтэт аргыг мөн эрэлхийлэх нь зүйтэй.
Гадаад улсуудад шүүхийн зарим үйл ажиллагааг гадна талаас авах замаар зардал хэмнэх практик жил ирэх бүр түгээмэл болж байна. Тухайлбал, Европын улсуудад шүүхийн мэдээллийн технологи, цэвэрлэгээ, сургалт, архив, засвар арчилгаа зэрэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар зардал хэмнэх явдал 2018 оны дүнг 2012 онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шүүхийн төсвийг боловсруулж, батлахад энэ мэт гадаадын туршлагыг анхааралдаа авч, “хамар шүргэлцэх шахам” нөхцөлтэй, “айлын хаяа, хатавчинд шахуу” ажиллаж байгаа шүүхүүдийнхээ нэн тулгамдсан барилгын асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ шүүхийн үр ашгийг сайжруулахад төрөөс анхаарч, гүйцэтгэх болон хууль тогтоох засаглал нь шүүхийн төсөв санхүүг хасах, танах зуршлаа арилгаж, цаашид шүүхийн мэдээллийн технологи, цахимжилтад хөрөнгө оруулалт хийх нь төрийн бодлогын анхаарлын төвд байна гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдвээр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.