Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан “НҮБ-ын долоо хоног” аяныг энэ сарын 20-27-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тус аяныг энэ сарын 20-нд Баянзүрх ууланд нэг га талбайд 2500 мод тарьснаар эхлэх юм байна.
“НҮБ-ын долоо хоног” аяны хүрээнд:
- Энэ сарын 21-ний 10.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Элчин сайдаар олон жил ажилласан академич Ц.Батбаярын “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: эхлэл, өрнөл, төгсгөл” номын нээлт болно.
- 21-ний 15.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн болно.
- 22, 23-нд МУИС-ийн нэгдүгээр байранд Хүүхэд, багачуудад зориулсан “UN модуль” ёслолд 16 улсын нийт 81 ахлах ангийн сурагч оролцоно.
- 24-ний 19.20 цагт МҮОНРТ-ээр “Алтан аргамж” тусгай нэвтрүүлгийн эхний дугаарыг хүргэнэ. Үүнд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, сайд асан Ц.Гомбосүрэн, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Байнгын төлөөлөгч В.Энхболд, Ц.Батбаяр нар НҮБ-д Монгол Улс элссэний ач холбогдол, хүндрэл бэрхшээл, одоогийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэнэ.
- 25-ны 09.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Монгол Улс, НҮБ-ын 60 жил: Өнгөрсөн түүх буюу хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.
- 26-ны 10.00 цагт ГХЯ-ны Номин танхимд Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркны нээлт болно.
- 26-ны 15.00 цагт ГХЯ-ны 101 тоот танхимд “Монгол Улс ба НҮБ” гар зураг, зохион бичлэгийн уралдаанд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах ёслол болно.
- 27-ны 20.30 цагт МҮОНРТ-ээр “Дэлхийн Монгол” баримтат нэвтрүүлгийг олон нийтэд хүргэхээр бэлтгэжээ.
Энэхүү мэдээллийг хүргэхээр төлөвлөсөн Гадаад харилцааны яамны хэвлэлийн хурал дээр НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра:
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн мэнд дэвшүүлээд, тус байгууллагад бүрэн эрхт гишүүн болсноор, Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг дэлхийн тавцанд баталсан онцгой үйл явдал болсныг онцлов.
Тэрбээр, “Зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганд дэлхийн 190 улс оролцож “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг баталсан. Тэдгээр улс орны нэг нь Монгол Улс юм. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд бүх талаар дэмжиж, ахиц гаргахын тулд ажиллаж байна. Цар тахал дэгдсэн хоёр жилийн хугацаанд зарим талаар ухрах үзүүлэлт ажиглагдаж байгаа нь энэ зорилгыг хэрэгжүүлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах цаг болсныг харуулж байна.
Тиймээс УИХ, Засгийн газартай хамтран өнгөрсөн сарын эхээр Тогтвортой хөгжлийн зорилт-2030 дээд түвшний чуулган зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд Монгол Улс ямар ач холбогдол өгч, идэвх гаргаж байгааг илтгэсэн” хэмээн мэдээллийн үеэр тэмдэглэв.