Дорнод аймагт Монгол Улсад урьд өмнө нь гарч байгаагүй “үхрийн арьс товруутах” халдварт өвчин гараад удаж байгаа. Эл өвчин нь чийгшил ихтэйн улмаас хойд хилээр шавжаар дамжин халдварлаж орж ирсэн болохыг мал эмнэлгийн салбарынхан тогтоожээ.
“Үхрийн арьс товруутах” гоц халдварт өвчин одоогийн байдлаар Дорнод аймгийн 13 сум, Сүхбаатар аймгийн 10, Хэнтий аймгийн 1 суманд нийтдээ 59 голомт бүртгэгджээ. Эмчлэх боломжгүй 769 үхрийг устгаж, 93.4 мянган үхрийг вакцинжуулалтад хамруулсан байна.
Мал эмнэлгийн салбарынхан өвчнийг эмчлэх арга зүй боловсруулсан бөгөөд эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлсэн, аравдугаар сарын 4-ний өдрөөс хойш нэмж тохиолдол бүртгэгдээгүй. Мөн салбарынхан улирлын чанартайгаар өвчний идэвхжил буурч байгаа гэж үзэж байгаа юм байна.