Ургац хураалт есдүгээр сарын 15-наас эхлэж өнөөдрийн байдлаар 63.0 мянган га талбайг ангилан хадаж, 210.0 мянган га-гаас 310.0 мянган тонн үр тариа, үүнээс 293.0 мянган тонн улаанбуудай, 15.2 мянган га-гаас 145.0 мянган тонн төмс, 7.3 мянган га-гаас 92.0 мянган тонн хүнсний ногоо, 30.0 мянган га-гаас 86.0 мянган тонн тэжээлийн ургамал, 30.0 мянган га-гаас 17.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76.4-77.3 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар ахиу байгаа аж.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих санд 90.4 мянган тонн хүнсний буудай нийлүүлжээ.
Орон нутгаас ургац хураалтын ажилд 8 мянга гаруй оюутан, сонсогчид, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт, захиалга ирүүлсэн бөгөөд Засгийн газрын 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох яамд болон Монголын залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Алтан намар” дэд төслийг хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байгаа юм байна.
Техник, тоног төхөөрөмжийн хувьд нийт 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллаж байна.
Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523.0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.0 мянган тонн, хувийн хэвшилд 341.0 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж, намрын ургац хураалтаас буудай хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдлээ.
Ургацын урьдчилсан балансаар 594.0 мянган тонн үр тариа, үүнээс 559.0 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.0 мянган тонн тосны ургамал, 203.0 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан байна.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үргэлжилсэн их бороо, үер, хүчтэй мөндөр, хүйтрэлт, зарим бүс нутагт тохиолдсон нарны хэт халалтын улмаас 12.2 мянган га талбайн ургац болц дутуугаас ногоон тэжээлд шилжиж, 5.3 мянган га талбай ургац ганд өртөж, 1.3 мянга га талбайн ургац мөндөрт цохигдсон бол төмс, хүнсний ногооны 961 га талбайн ургац үерт өртжээ.