Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажлыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа аж. 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3100.0 тн мах бэлтгээд байгаа бөгөөд цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж нөөцлөхөөр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа гэв.
Аймгийн төв, суурин газрын хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг, чиглэлийг хүргэн, бэлтгэл ажлыг хангасан гэж өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдлээ.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газрын 216 дугаар тогтоолоор 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийг баталсан билээ.