Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хаврын тариалалтад зориулан хүсэлт гаргасан 390 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 12.5 мянган тонн улаанбуудайн үр, 485 тонн овъёосны үр, 43.3 тонн ургамал хамгааллын бодис, 330 тонн нийлмэл болон гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгож дэмжлэг үзүүлснээр төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийх боломжийг бүрдүүлжээ.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийг дотоодоос болон импортоор нийлүүлж Засгийн газрын 142 дугаар тогтоолын дагуу үнийг 80 хувиар хөнгөлөн 181 аж ахуйн нэгж, 179 хоршоо, 9694 өрх, 46 байгууллага нийтдээ 10.1 мянган нэгжид хүргэж дэмжлэг үзүүлснээр сонгино, саримс, хэмх, лоолийн тариалалт 5-320 га-гаар нэмэгдсэн аж.
Оросын Холбооны Улсаас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг арилжааны банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсний зэрэгцээ Беларусь Улсын Засгийн газрын 4.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл, төмсний 30 иж бүрдэл, хүнсний ногооны 20 иж бүрдэл, нийт 534 нэгж техник тоног төхөөрөмжийг ургац хураалтаас өмнө нийлүүлж хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид 30 хувийн урьдчилгаатай 4 жилийн хугацаатай зээлээр олгож бага, дунд оврын техник шинэчлэлийн ажлыг эрчимжүүлжээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэж эхэлснээр импортоор нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм,усалгааны болон хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 20 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байгаа аж.
Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 552 иргэн, аж ахуйн нэгжид 35.9 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг хамтран зохион байгуулжээ.
Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд улаанбуудайн шинэ сортын үр гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сорт сорит хийх, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж үр үржүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа гэнэ.
БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн усалгааны тоног төхөөрөмж, бага оврын бороожуулагч, дуслын усалгааны системийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг зохион байгуулснаар нийтдээ 78 аж ахуйн нэгж, 25 иргэнд 156 ширхэг тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож усалтгаатай тариалангийн талбайн хэмжээг 9.7 мянган га-аар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн талаар, суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 300.0 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м.кв талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж нийлүүлж, хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгааг салбарын сайд мэдээлэв. Мөн “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр “Чацарганын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, гадаад зах зээл, маркетингийг сайжруулах” туршилтын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол чацарганын шинж чанарыг Япон Улсад судлуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Онцгой дэглэм тогтоосон хүнд үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Тариалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 142 дугаар тогтоолыг батлан гаргуулж импортоор нийлүүлэгдэж байгаа улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50 хувиар, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулсан байна.