Улсын хэмжээнд 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд нийт 44900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14860 тонн тэжээл тус тус бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс аймгуудын аюулгүй нөөцөд нийт 2450 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 2190 тонн тэжээл, сум, дүүргийн аюулгүйн нөөцөд нийт 39010 тонн өвс, 12720 тонн тэжээл, малчдын түвшинд 1.23 сая тонн өвс, 1.6 мянган тонн сүрэл, 13 мянган тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 0.9 мянган тонн дарш, 132 мянган тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн байна.
2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар хадлан бэлтгэлд 4712 дугуйт трактор, үүнээс бага оврын трактор 3544, хадуур 1967, тармуур 2910, хаман боогч 654, морин хадуур 694, морин тармуур 863, чиргүүл 1639, 79 нуруулдагч техник ашиглаж байгаа аж.
Малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл ажлын явц есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 791.9 мянган тонн өвс, 22.1 мянган тонн ногоон тэжээл, 1.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 23.9 мянган тонн гар тэжээл, 1.3 мянган тонн дарш, 31.5 мянган тонн хужир, шүү тус тус бэлтгэж, гүйцэтгэл 52.7 хувьтай байгаа аж.
Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Аргалант, Ачит нуур, Багахайрхан, Баян нуур, Малах, Чилэн, Чойбалсан, Хөх дэл, Хэрлэнбаян-Улаан отрын бүс нутгийн бэлчээрийн даац тодорхойлох ажлыг наймдугаар сард зохион байгуулахад 2021-2022 оны өвөл нийт хонин толгойд шилжүүлснээр 854 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлчээрийн даацтай гэсэн дүн гарсан. Дээрх отрын бүс нутгуудад 19 аймгийн 70 сумын 1850 малчин өрхийн малыг отроор өвөлжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.